АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал даамжирч болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас нефтийн нийлүүлэлтэд эрсдэл үүсч магадгүй гэж үзсэнээр хоёрдугаар сарын 11-ний лхагва гарагт нефтийн үнэ ойролцоогоор 2 хувиар өссөн тухай Reuters агентлаг мэдээлэв.
Мөн дэлхийн томоохон нефтийн агуулахуудын нөөц буурсан нь эрэлт нэмэгдэж буйг харуулж байна.
Хоёрдугаар сарын 11-ний 15:00 цагийн байдлаар (Москвагийн цагаар) Brent маркийн нефтийн фьючерс 1.41 ам.доллар буюу 2.1 хувиар өсөж, баррель нь 70.21 ам.долларт хүрсэн бол West Texas Intermediate (WTI) маркийн нефть 1.36 ам.доллар буюу бараг 2.1 хувиар нэмэгдэж, 65.31 ам.доллар болжээ.
UBS компанийн нефтийн шинжээч Жованни Стауново “Ойрхи Дорнод дахь тасралтгүй хурцадмал байдлын улмаас одоогийн байдлаар нийлүүлэлт тасалдаагүй ч нефтийн үнийг дэмжсээр байна. Антверпен-Роттердам-Амстердам (ARA) бүсийн агуулахууд болон АНЭУ-ын Фуджейра боомтын нефтийн нөөц буурч байгаа нь зах зээлд шахалт нэмэгдсэнийг илтгэж байна” гэж хэлжээ.
Цөмийн хэлэлцээний талаар Иран, АНУ байр сууриа илэрхийлэв
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч хоёрдугаар сарын 10-нд мэдэгдэхдээ, АНУ-тай хийж буй цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ нь Вашингтоны бодит санаархлыг үнэлэх боломж олгож, дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хангалттай зөвшилцөл байгааг харуулсан гэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн өдөр Axios-д өгсөн ярилцлагадаа, хэрэв цөмийн хэлэлцээ бүтэлгүйтвэл Ойрхи Дорнод руу байлдааны ажиллагаанд оролцоход бэлэн цэргийн хөлөг онгоц илгээхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн байна.
Гэсэн ч тэрбээр АНУ Ирантай ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа бөгөөд Тегеран 2025 оны зун АНУ, Израил, Ираны хооронд болсон 12 хоногийн цэргийн хурцадмал байдлын өмнөх үеэс илүү уян хатан байр суурь илэрхийлж буйг онцолжээ.
Эх сурвалж: DW













































































