ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Атлантын холбоо (НАТО), Европын Холбоо (ЕС) болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) нь ирээдүйгүй бөгөөд үеэ өнгөрөөж байна гэж мэдэгдэв.
Тэрбээр TV BRICS-д өгсөн ярилцлагадаа “Эдгээр байгууллагууд: НАТО өөрийн амалсан зүүн тийш өргөжүүлэхгүй байх амлалтаа биелүүлээгүй, үүнийг Зөвлөлт Холбоот Улсад ч өгч байсан, Европын Холбоо манай улстай байгуулсан бүх дэд бүтцийн хамтын ажиллагааг эвдсэн.
Харин ЕАБХАБ барууны нэг талын үйлдэлд бүрэн захирагдсан, бүх оролцогчийн зөвшилцлийн зарчмыг мартсан. Эдгээр нь үеэ өнгөрөөж байна” гэжээ.
Лавровын онцолсноор, дэлхий нийт Оросын санаачилсан, бүх тивийн оролцоотой Евразийн аюулгүй байдлын бүтцийн санаачилгад улам их анхаарал хандуулж байгаа аж.
Тэр “Энэхүү бүтцийн үндэс нь хэдийнэ Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), Зүүн Өмнөд Азийн улсуудын нийгэмлэг (АСЕАН)-ийн харилцаан дээр хөгжиж буй түншлэлд суурилсан” гэж хэлсэн байна.
Лавров “Бүс нутгийн болон дэд бүс нутгийн интеграцийн холбоодын харилцаа хэр бат бөх байна түүнээс шалтгаалан нийт аюулгүй байдлын бүтцийн суурь ч бат бөх болно” гэж онцолжээ.
Түүний хэлснээр, Барууны улс орнууд нэг туйлт дэлхий ертөнцийг хадгалахыг хүсэж буй бөгөөд үүнд доллар болон тэдний зохион байгуулсан институцууд гол үүрэгтэй аж.
Лавров “Энэтхэг, Бразил, Хятад зэрэг шинэ хөгжиж буй төвүүдийг хязгаарлах боломжгүй. Африк тивд улс орнууд экспортод түшиглэхээ больж, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарч байна” гэж онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жил бүх оролцогч орнуудтай Евразийн шинэ аюулгүй байдлын системийн хүрээнд харилцан яриа өрнүүлэхийг санал болгосон байна.
Тэрбээр энэ санаачилгыг ахиулахын тулд Нэгдсэн улсын (Орос, Белорусийн нэгдсэн холбоо), Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо, Бие даасан Улсуудын Холбоо болон ШХАБ-ын хүрээнд харилцан яриаг идэвхжүүлэх хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI











































































