ОХУ-ын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 3-ны мягмар гарагт шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт олон тооны пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн хосолсон өргөн хүрээтэй довтолгоо хийжээ.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, мөн Киев, Харьков хотын эрх баригчид энэхүү халдлагын улмаас олон газар дэлбэрэлт болсон талаар Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна.
Довтолгоо болсон шөнө Киев хотод агаарын температур -20°C, Харковт -22°C хүрч байжээ.
Киев мужийн Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко орон нутгийн цагаар 01:30 орчимд “Оросын тал хахир хүйтний үеэр Киев хот руу дахин масс довтолгоо хийхээр шийдсэн бололтой.
Одоогийн байдлаар Днепровскийн дүүрэгт олон давхар орон сууц болон нэгэн боловсролын байгууллага цохилтод өртсөн тухай мэдээлэл ирж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Киев хотын захирагч Виталий Кличко Дарницкийн дүүрэгт орон сууцны бус барилга байгууламжид цохилт өгсөн, мөн Днепровскийн дүүрэгт байрлах цэцэрлэгийн барилгад гал гарсан талаар мэдээлжээ.
Мэдээ нийтлэгдэх үеийн байдлаар Украины нийслэлд гэмтэж бэртсэн хүний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байсан аж.
Харьков хотын захирагч Игорь Тереховын мэдээлснээр, ОХУ тус хот руу баллистик пуужингаар хэд хэдэн удаа цохилт өгсөн бөгөөд Слободскийн дүүрэгт хоёр удаа туссан байна.
Мөн Харьков мужийн Цэргийн захиргааны дарга Олег Синегубов бүс нутагт цохилтот дрон болон удирдлагатай нисэх бөмбөг ашигласан халдлагууд гарсан талаар мэдээлжээ.
Түүний хэлснээр “Дайсны цохилтын улмаас Харьков хотод 27 болон 58 настай хоёр эрэгтэй гэмтэж, эмнэлгийн тусламж авч буй аж. Түүнчлэн Харьков мужийн Дергачи хотод дахин хоёр хүн бэртсэн байна.
Эх сурвалж: DW













































































