Украины хэд хэдэн хот, мөн Молдовын зарим хэсэгт цахилгаан тасарсан талаар орон нутгийн албаны хүмүүс мэдээлэв. Тэдний хэлснээр, энэ нь цахилгаан дамжуулах гол шугамууд дээр үүссэн дараалсан гэмтлээс үүдэлтэй аж.
Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль “Бямба гаргийн өглөөний 11.00 цагийн орчимд уг осол эхэлсэн бөгөөд “технологийн доголдол”-ын улмаас Румын ба Молдовын эрчим хүчний системийг холбодог 400 киловольтын цахилгаан дамжуулах шугам, мөн Украины баруун ба төв хэсгийг холбодог 750 киловольтын шугамууд нэгэн зэрэг унтарсан” гэж мэдэгджээ.
Үүний улмаас автомат хамгаалалтын системүүд ажиллаж, Украины цахилгаан сүлжээнд дараалсан гэмтлүүд гарсан байна. Шмыгаль “Нөхцөл байдлыг тогтворжуулж, цахилгаан эрчим хүчний урсгалыг дахин нээхийн тулд онцгой байдлын үед авдаг арга хэмжээний дагуу цөмийн цахилгаан станцуудын зарим нэгжийн ачааллыг бууруулсан” гэж хэлсэн байна.
Тэрбээр Киев хот болон түүний ойр орчмын бүс нутаг, мөн Житомир, Харьков мужуудад “онцгой байдлын яаралтай хязгаарлалтын хуваарь” хэрэгжүүлсэн бөгөөд ойрын хэдэн цагийн дотор цахилгаан эрчим хүчийг сэргээх төлөвтэй байна гэж мэдэгджээ.
Киев болон Харьков хотуудын метроны үйлчилгээ зогсож, Украины нийслэлээс авсан бичлэгүүдэд буудлууд бараг бүрэн харанхуй болсон нь харагдаж байгаа аж.
Тэр Киев хотод орон нутгийн ус хангамжийн байгууллага бүх дүүрэгт ус тасарсан тухай мэдээлж, цахилгаан эрчим хүч болон бохир усны байгууламжуудын ажиллагааг сэргээхээр ажилтнууд яаралтай ажиллаж байгаа талаар нэмж хэлжээ.
Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчийг 2-3 цагийн дотор сэргээнэ гэж мэдэгдсэн ч Украины парламентын Эрчим хүч, орон сууц, нийтийн аж ахуйн байнгын хорооны гишүүн Сергей Нагорняк сэргээн засварлах ажил 24-36 цаг үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: RT













































































