БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуэй ТАСС агентлагт зориулсан нийтлэлдээ “Хятад улс хөрш орнуудтайгаа хамтран “нэг хувь заяаны хамтын нийгэмлэг” байгуулахыг зорьж, гадаад бодлогоо “хөршүүдээ аз жаргалтай байлгах” зарчмын дагуу хэрэгжүүлсээр байна” гэж мэдэгджээ.
Дипломатын төлөөлөгчийн хэлснээр, Хятад улс хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэхийг дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж тууштай үзсээр ирсэн аж. Мө сайн санаа, чин сэтгэл, харилцан ашигтай байдал, нээлттэй хүртээмжийн үзэл баримтлалд тулгуурлан хөрш орнуудтайгаа найрсаг харилцааны шинэ дүр төрхийг цогцлоож буй юм байна.
Жан Ханьхуэй “Ази тив Хятадын хувьд зөвхөн амин чухал орон зай төдийгүй бусад улс оронтой хамтран бүтээж буй нийтлэг гэр орон юм” хэмээн онцолжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Өнгөрсөн жил бид гадагш чиглэсэн бодлогын хүрээнд итгэлтэй алхмууд хийж, мөн дотогш чиглэсэн хамтын ажиллагаанд чин сэтгэлээсээ нээлттэй хандсан.
ОХУ, Энэтхэг, БНАСАУ-ын удирдагчид Хятадад айлчилж, Тяньжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан нь ‘Ойр дотныхноо аз жаргалтай байлгавал алсдаа өөрсдөө ирдэг’ гэх зүйр үгийн дорнын утгыг тод томруун харууллаа” гэжээ.
Элчин сайд мөн ард иргэдийн сайн сайхны төлөө чиглэсэн, хүний халуун дулаан сэтгэл шингэсэн практик хэлэлцээрүүд шат дараатайгаар хэрэгжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааны төлөвлөгөө бодит ажил болж буйг онцолсон байна.
Тэрбээр “Өнөөдөр энх тайван, аюулгүй, цэцэглэн хөгжсөн, үзэсгэлэнтэй, найрсаг гэсэн ‘таван нийтлэг гэр орон’ байгуулахыг нийтлэг зорилгоо болгон, Хятад улс хөрш орнуудтайгаа хамтран нэг хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүрдүүлэх өргөн зам нээж байна. Ингэснээр сайн хөрш, найрамдлын мод гүн үндэслэж, өтгөн навчис дэлгэх болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: TASS












































































