Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас богино хугацааны эрчим хүчний хязгаарлалт хийж эхлээд буй. Энэ үед “Цахилгаан тасардаг учраас Улаанбаатарт дүүжин тээвэр явах боломжгүй, тэр дээр нь гацчихвал авирах шат ч Монголд байхгүй” гэж комедиан Д.Амартүвшин хэлжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дүүжин замын тээвэр ямар ч аюулгүй, цахилгаан тасарсан ч агаарт гацахгүй аж. Учир нь, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж нөөц генератортой байдаг. Цахилгаан тасарсан тохиолдолд тухайн нөөц генератор нь ажиллаж, зорчигчдыг 1 м/сек хурдтайгаар буудалд аюулгүй хүргэдэг байна.
Бүх кабинд камер суурилуулж, замын хяналтын төвөөс шууд хяналт тавьдаг, ослын үед зорчигчдыг маш богино хугацаанд аюулгүй буулгах тусгай системтэй байдаг аж.

Дүүжин замын тээврийн олон улсын гэрээний мэргэжилтэн Б.Алтансувд “Дүүжин замын тээврийг өмнөд Америкийн орнууд, Европт нийтийн тээвэрт нэлээн өргөн ашиглаж байна. Колумбын Меделлин, Лондон, Боливын Ла Пазыг дурдаж болно.
Дүүжин замын тээврийн хамгийн сүүлийн үеийн буюу орчин үед нийцүүлж сайжруулсан технологийг манай улс оруулж ирж байна. Энэ систем нь халуун, хүйтэн гээд уур амьсгалын ямар ч нөхцөлд, цахилгаан тасарсан ч аюулгүй байхаар тоноглогдсон.
Кабин дахь суудлууд халахаас гадна тэргэнцэр, хүүхдийн тэрэг, дугуйтай иргэдэд зориулсан хүртээмжтэй байдлаар бүтээгдсэн. Дүүжин замын тулгуур багана HRB500E арматураар хийгдэж, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй” гэв.
Дүүжин замын тээврийн ажлыг Францын “Пома” групп чанартай тоног төхөөрөмжөөр найдвартай гүйцэтгэж буй юм. Францын Альпийн нуруу, ОХУ-ын -20 хэмийн хүйтэн Волга мөрөн дээр ч дүүжин замын тээвэр саадгүй ажиллаад, олон жилийг үдэж байгаа ажээ.













































































