Монголбанкнаас тэтгэврийн зээлийн хугацааг 18 сар байсныг 36 сар болгон сунгасан. Гэсэн хэдий ч зээлийн хүүг дунджаар жилийн 18 хувь төлөх хэвээр үлдээсэн. Мөн зургаан сараас дээш хугацаанд зээл авах бол заавал батлан даагчтай байх шаардлагатай гэх зэрэг шийдвэрүүд гарсан. Уг асуудлын талаарх ахмадуудын санаа бодлыг сонссоноо хүргэе.
ТӨРД ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН Ч УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ШУДАРГА БУС ХЭРЭГ

Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэн М.Эрдэнэтуяа:
-Ахмадууд яагаад урт хугацаанд зээл горилоод байна вэ? гэхээр тэтгэврийн мөнгө амьжиргааны зардалдаа хүрэхгүй байна.
Ядаж л байр орон сууцдаа засвар хийх, баяр ёслолын үеэр бөөн мөнгө хэрэг болох, эмчилгээ хийлгэх гэх зэрэг асуудлууд маш их гэдгийг тэнэг биш л бол хүн болгон мэдэж байгаа.
Гэтэл үүргээ хангалттай биелүүлээд, төрд өчнөөн олон жил татвараа төлөөд хөдөлмөр эрхэлчихээд батлан даагчгүй бол урт хугацаанд зээл авч чадахгүй гэдэг нь шударга бус хэрэг шүү дээ. Хүн ямар ч амьдралтай байж болно.
Үр хүүхэд нь хөдөлмөрийн чадамжгүй, байнгын асаргаанд байдаг зэрэг асуудлууд олон. Энэ болгоныг харгалзаж үзэх хэрэгтэй.
ЗЭЭЛИЙН ХҮҮ ХЭТЭРХИЙ ӨНДӨР БАЙНА
Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэн Л.Цэдэндаш:
-Зээлийн хугацааг сунгаснаар ахмадуудын өрийн дарамтыг хангалттай бууруулж чадахгүй. Хамгийн гол зүйл нь, зээлийн хүү хэтэрхий өндөр байна. Жилд дунджаар авсан зээлийнхээ 18 хувийг хүү болгож нэмж төлнө гэдэг бол ахмадуудын хувьд маш хэцүү асуудал. Зээлийн хүүг сарын 1 хувь гэж бодоход л жилийн 12 хувийн хүү төлнө шүү дээ. Тэтгэврийн зээлийн сарын хүү 0.8-1 хувь байхад хангалттай гэж бодож байна. Түүнээс биш хүү нь тэнгэрт хадсан өндөр хэрнээ хугацааг нь уртасгаад нэмэргүй шүү дээ.
АВЧ БАЙГАА НЬ БАГА УЧРААС ЗЭЭЛ АВААД, ӨНДӨР ХҮҮ ТӨЛНӨ ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ
Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн Б.Цанжид:

-Би хамгийн бага тэтгэвэр авдаг хүн. Саяхан харин 80,000 төгрөг нэмэгдсэн байна лээ. Авч байгаа мөнгө нь маш бага хэрнээ зээл аваад, өндөр хүү төлнө гэдэг бараг л боломжгүй зүйл.
Ядаж л нийгэм нь иргэддээ ээлтэй, гадуур бараа бүтээгдэхүүний үнэ боломжийн байсан бол бид бүхэн энэ шаардлагыг биелүүлээд, хүүгээ төлөөд явна гэхсэн.
Яах вэ, сая зээлийн хугацааг 36 сар болгож сунгасныг багахан ч гэсэн настай биднийг харж үзэж байгаа юм болов уу гэж бодож байна.
Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгасан ч зээлийн хүү өндөр, заавал батлан даагчтай байж урт хугацааны зээлд хамрагдах зэрэг хүчин зүйлүүд нь ахмадуудын өөрийн дарамт, санхүүгийн асуудлыг шийдэж чадахгүй хэмээн иргэд онцолж байлаа.












































































