Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар танилцуулжээ.
2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан байна.
Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18.00 цагт хөлдөж бөглөрсний улмаас ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгджээ.
Иймд нийт 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ.
Б.Чойжилсүрэн сайд “Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна” гэж мэдэгдэв.
2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрэх тооцоолол гарч, 2026 оны нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байгаа аж.
Гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү буй. Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3023 тонн байгаа ажээ.













































































