АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-ны мягмар гарагт өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроноос ирсэн хэмээн тайлбарласан зурвасуудын скриншотуудыг олон нийтэд дэлгэлээ.
Тус зурваст англи хэлээр, “Ерөнхийлөгч Макроноос Ерөнхийлөгч Трампад. Найз минь, бид Сирийн асуудлаар байр суурь ижил байна. Ираны асуудлаар ч мөн томоохон үр дүнд хүрч чадна. Харин Гренландын асуудлаар чиний баримталж буй байр суурийг би ойлгохгүй байна.
Томоохон зүйлсийг хамтдаа хэрэгжүүлье. Давосын эдийн засгийн форум (ДЭФ)-аас хойш, ирэх пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 22-нд Парист G7-ийн уулзалтыг зохион байгуулна. Украин, Дани, Сири болон Оросын төлөөлөгчдийг урина.
Мөн АНУ-д буцахаасаа өмнө пүрэв гарагт Парист хамт оройн зоог барья” хэмээн бичсэн бөгөөд зурвасын төгсгөлд “Эммануэль” гэж гарын үсэг зуржээ.
Макроны хүрээлэл: Зурвас жинхэнэ
Нэгдүгээр сарын 20-ны өглөө Reuters болон AFP агентлагууд Францын Ерөнхийлөгчийн ойрын хүрээллээс авсан эх сурвалжид тулгуурлан, Трампын нийтэлсэн зурвас нь Эммануэль Макроны илгээсэн жинхэнэ мессэж болохыг баталсан талаар мэдээлэв.
AFP агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Макрон Парист “Их долоо” (G7)-гийн орнуудын уулзалтыг Оросын оролцоотойгоор зохион байгуулах саналыг Трампад үнэхээр тавьсан байна. Харин Reuters-ийн эх сурвалж “Энэ зурвас нь Францын Ерөнхийлөгч олон нийтэд илэрхийлдэг байр сууриа хувийн харилцаанд ч тууштай баримталдгийг харуулж байна” хэмээн онцолжээ.
Францын дарс, шампанскт 200 хувийн татвар ногдуулах анхааруулга
Үүнээс өмнө Парис АНУ-ын санал болгосон, Газын зурваст хэрэгжүүлэх 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах зорилготой “Энхийн зөвлөл”-д нэгдэх урилгыг хүлээн авахаас татгалзсан юм.
Энэ талаар Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро парламентын хуралдааны үеэр “Тус зөвлөлийн дүрэм нь Газын зурвасын хүрээнээс давж, НҮБ-ын дэмжлэг авсан энхийн төлөвлөгөөний хүрээнээс хальж байна” хэмээн тайлбарлажээ.
Үүний дараа Дональд Трамп Францын дарс, шампанскт 200 хувийн гаалийн татвар ногдуулах талаар анхааруулсан тухай AFP агентлаг мэдээлжээ.
“Энхийн зөвлөл”-д Герман, Оросыг урих санал
АНУ-ын Ерөнхийлөгч мөн нэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд “Энхийн зөвлөл”-д оролцох урилга илгээсэн тухайгаа мэдэгдсэн байна. Ижил урилгыг Герман улсад ч хүргүүлсэн бөгөөд Германы Засгийн газрын төлөөлөгч Штефан Корнелиусын мэдээлснээр, Берлин уг асуудлыг холбоотнуудтайгаа зөвлөлдсөний дараа эцсийн хариу өгөх аж.
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй

Францын Ерөнхийлөгч Э.Макрон Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, АНУ-аас үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, Франц улс ба Европ “хэн хүчтэй нь” гэсэн хуулийг идэвхгүйгээр аялдан дагалдахгүй гэж мэдэгджээ.
Үүнийг хүлээн зөвшөөрөх нь дүрэм журамгүй, олон улсын эрхзүйг хөсөрдүүлдэг дэлхий ертөнц рүү хэлбийж буй хэрэг бөгөөд энд зөвхөн “хэн хүчтэй нь” гэсэн хууль үйлчилж, эзэнт гүрний ашиг сонирхол, амбицийг эн тэргүүнд тавьдаг” гэж Макрон хэлээд, Европ тив цаашдаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалах болно хэмээн онцлон тэмдэглэсэн аж.
Үүний сацуу тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг шууд шүүмжлэхээс түдгэлзсэн байна. Европын бусад улсын төрийн тэргүүн нар Гренландын асуудлаар Атлантын далайг дамнасан хэрүүл маргааныг дэвэргэхгүйн тулд аядуу өнгө аястай мэдэгдэл хийхийг хичээж байсантай харьцуулахад түүний хэлсэн хурц ширүүн үгс эрс ялгарч байлаа.
Э.Макрон “Бид бүдүүлэг танхайг бус хүндлэлийг дээдэлнэ, бид хүчирхийллийг бус хууль дээдлэх ёсыг эрхэмлэнэ” гэж хэлсэн байна. Тэрбээр нарны шил зүүсэн нь нүдний судас хагарсантай нь холбоотой ажээ.
Дани улс Америкийн дайралтаас хамгаалахад бэлтгэж байна
Саяхан Данийн парламентын батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Расмус Ярлов CNN телевизэд ярилцлага өгөхдөө “хэрвээ АНУ Арктикийн арлыг хүчээр эзлэн авахаар оролдох аваас манай улс зэвсгийн хүчээр няцаахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөн нь АНУ-ын хувьд ч мөн адил “сүйрлийг авчирна” гээд, эдийн засгийн хувьд америкчууд Гренландад хэдийн нэвтрэх боломжтой болсон учраас хүчээр нэгтгэх нь илүү зардал гаргахад л хүргэнэ хэмээн нэмж хэллээ.
Үүний сацуу Гренландын засгийн газрын тэргүүн Йенс-Фредерик Нильсен өчигдөр Нүүк хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, хэдийгээр дайрах магадлал бага байгаа боловч арлын оршин суугчид болон эрх баригчид болзошгүй дайралтад бэлтгэж эхлэх ёстой, наад зах нь 5 хоногийн хүнсний нөөцтэй байх хэрэгтэй гэжээ.
Сүүлд ирсэн мэдээллээр, 19-ний өдөр Дани, Гренландын Батлан хамгаалахын сайд нар Брюссель хотноо НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн М.Рютте-тэй уулзахдаа, тус эвслийн Арктик дахь ажиллагааны хүчнийг бүрдүүлэхийг санал болгосон байна. Маргааш буюу пүрэв гарагт Европын Холбооны төрийн тэргүүн нар Гренландын асуудлаар дээд хэмжээний яаралтай уулзалт хийнэ.
Эх сурвалж: DW













































































