“Дулааны цахилгаан станц-4”-ийн халаах гадаргууд өчигдөр гэмтэл гарсны улмаас нийслэл хот болон ойролцоох зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн.
Эрчим хүчний яамнаас цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт 1.5 цаг орчим үргэлжилж, 24 цагийн дотор хэвийн болгохоор ажиллаж буй талаар мэдэгдсэн билээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, “ДЦС-4”-т гарсан осол болон цахилгааны түр хязгаарлалтын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон, шуурхай арга хэмжээ авах чиглэл өгчээ.
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн өнөөдөр 09:46 цагт К-8 халах гадаргуун гэмтлийг бүрэн засварлаж, хэрэглээнд амжилттай залгасан талаар мэдээлэв. Үүний үр дүнд цахилгааны ачаалал 670 МВт-д хүрч, эрчим хүчний систем хэвийн горимд шилжсэн байна.














































































