Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис хотод эхлэх гэж байна.
Энэ удаагийн тэмцээн нь эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд улс орон даяарх 32 клуб, спорт хорооны 320 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооны нэрэмжит энэхүү УАШТ-ий гол зорилго нь жүдо бөхийг орон нутагт жигд хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Мөн тэмцээнд түрүүлж, медаль хүртсэн тамирчид үндэсний шигшээ багт нэр дэвших эрхтэй болно.
Эрэгтэйчүүдийн долоон жингээс 60 кг-ын жинд хамгийн олон буюу 40 тамирчин зодоглох бол 66 кг-д 36, 73 кг-д 35, 81 кг-д 36, 90 кг-д 29, -100 кг-д 17, +100 кг-д 16 тамирчин барилдахаар бүртгүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн жингүүдэд 48 кг-д 19, 52 болон 57 кг-д тус бүр 18, 63 кг-д 17, 70 кг-д 13, -78 кг-д 11, +78 кг-д 12 тамирчин өрсөлдөх юм.
Тэмцээний сугалаа маргааш болох бөгөөд барилдаанууд энэ сарын 23-нд эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100 кг-ын жингүүдээр эхэлнэ. Харин 24-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг-ын жингийн барилдаанууд үргэлжилнэ.
Тэмцээн 25-нд холимог багийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах барилдаанаар өндөрлөж, 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ албан ёсоор хаалтаа хийх юм.













































































