Португалын од хөлбөмбөгч Криштиану Роналдуд 9.7 сая евро төлөх ёстой гэсэн арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдсан “Ювентус” клубийн нэхэмжлэлийг Италийн Турин хотын шүүх хэрэгсэхгүй болгожээ. Энэ тухай La Gazzetta dello Sport сонин мэдээлсэн байна.
Арбитрын шүүх 2024 онд гаргасан шийдвэрээр тус мөнгийг Роналдуд олгох ёстой гэж үзсэн. Уг төлбөр нь түүнийг Английн “Манчестер Юнайтед” багт шилжин очсоны дараа хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны нөхөн төлбөр аж.
Коронавирус цар тахлын үеэр “Ювентус”-ын удирдлага Роналдуд олгох ёстой байсан 19.6 сая еврогийн цалинг хойшлуулах талаар түүнтэй тохиролцжээ. 2021 оны долдугаар сарын 31-ний дотор уг мөнгөн дээр нэмэлт бонус олгохоор нэмэлт гэрээ байгуулсан аж. Гэвч амалсан төлбөрүүдийг биелүүлээгүй тул Роналду шүүхэд хандсан байна.
Энэхүү маргаан “Ювентус” клубийн удирдлагад томоохон хямрал авчирчээ. Улмаар 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд клубийн ТУЗ-ийн ихэнх гишүүн, тэдний дотор ерөнхийлөгч Андреа Аньелли, дэд ерөнхийлөгч Павел Недвед нар огцрох шийдвэр гаргасан.
Үүнээс сар гаруйн дараа Турин хотын прокурорын газар Аньелли болон бусад албан тушаалтныг санхүүгийн луйвар хийсэн хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлэхийг шаарджээ. Тэднийг санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн, орлогын тайланг зориудаар гуйвуулсан, тоглогчдын шилжилтийн үнийг хэтрүүлэн тогтоосон, аудитын шалгалтад саад учруулсан зэрэг ноцтой зөрчлүүдэд буруутгасан байна.
Өдгөө 40 настай Криштиану Роналду 2018-2021 оны хооронд “Ювентус”-ын бүрэлдэхүүнд байхдаа 134 тоглолтод оролцож, 101 гоол оруулан, 28 оновчтой дамжуулалт хийжээ. Тэр хугацаанд Италийн А Серид хоёр удаа түрүүлж, Италийн Супер цомыг хоёр, Италийн цомыг нэг удаа тус тус хүртсэн билээ.
Эх сурвалж: TASS













































































