Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд нэгдүгээр сарын 19-нд Москва хотноо ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай уулзаж, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой, тасралтгүй нийлүүлэх асуудлаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.
Уулзалтын үеэр шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь үүсэж байсан хүндрэлүүдийг дахин давтахгүй байх, мөн 2026 онд шатахууны нийлүүлэлтийг хэрхэн хэвийн, тогтвортой хангах талаар ажил хэрэгч санал, шийдлүүдийг хэлэлцэв. Түүнчлэн хоёр улсын холбогдох яамд онлайн хэлбэрээр тогтмол уулзалт зохион байгуулж, төлөвлөлт, уялдаа холбоог сайжруулан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахаар тохиролцов.
ОХУ-ын тал 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн түвшинд, тасралтгүй хангах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж, өөрийн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөвлөгөөнд Монголын аж ахуйн нэгжүүдийн захиалгыг эрт тусган төлөвлөх замаар нийлүүлэлтийг тогтвортой байлгах боломжтойг онцоллоо.
Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг түр хугацаанд түрээслэн нөөц бүрдүүлэх, цаашлаад ОХУ-ын үйлдвэрээс ачигдсанаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн автомашинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг нэг цонхоор удирдах удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн “экосистем” бий болгох боломжийг хамтран судалж, холбогдох шийдвэр гаргахаар ярилцав.
Сайд Г.Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахуун хомстолыг даван туулахад ОХУ-ын Эрчим хүчний яамнаас үзүүлсэн шуурхай дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Харин ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад “Газпром”, “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Татнефть”, “Оросын төмөр зам” зэрэг компанийн төлөөлөл болон холбогдох байгууллагуудын албаныхан оролцов.













































































