Сүүлийн үед эцэг эхтэйгээ зөрчилдсөөр буй Бруклин Бекхэм гэр бүлийнхээ маргааны талаар анх удаа илэн далангүй мэдэгдэл хийв. Тэрбээр “Гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байна” хэмээн олон нийтийн сүлжээндээ бичсэн нь олны анхаарлыг татсан юм.
Дэвид, Виктория Бекхэм нарын ууган хүү Бруклин эцэг эхээ өөрийг нь болон эхнэр Никола Пелц Бекхэмийг хэвлэл мэдээллээр дамжуулан дайрч, харилцааг нь зориудаар сүйтгэхийг оролдсон хэмээн буруутгажээ. Мөн тэд өөрсдийнхөө “Бекхэмийн брэнд”-ийн дүр төрхийг хадгалахын тулд худал мэдээлэл хэвлэлээр тараасан гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр хэдэн сарын турш энэ асуудлыг олон нийтээс нууцлахыг хичээсэн ч “өөрийнхөө төлөө дуугарахаас өөр сонголтгүй болсон” талаар ярьжээ.
Өдгөө 26 настай Бруклин 16 сая дагагчтай сошиал хуудастаа “Би олон жил чимээгүй байсан. Гэвч худал мэдээлэл тасралтгүй тархсаар байсан тул үнэнийг хэлэх хэрэгтэй болсон. Намайг хэн ч удирдахгүй, би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна” хэмээн бичсэн байна.
Түүний мэдэгдэлд хуримтай холбоотой маргаанууд ч багтсан байна. Тэрбээр эцэг эхээ хуримынх нь уур амьсгалыг эвдсэн, ээж Виктория Бекхэм хуримын даашинз хийхээ сүүлчийн мөчид цуцалснаар Никола өөр даашинз хайхаас өөр аргагүй болсон гэж дурджээ. Мөн хуримын анхны бүжгийг ээж нь “булаасан” хэмээн гомдоллосон байна.

Түүнчлэн аав Дэвид Бекхэмийн 50 насны төрсөн өдрийн үдэшлэгт оролцоогүй нь маргааныг улам хурцатгасан үйл явдал болсон аж. Бруклиний хэлснээр, түүнтэй уулзахдаа “эхнэргүй ирэх” шаардлага тавьсан нь ихэд гомдоход хүргэжээ.
Эцэст нь тэрбээр гэр бүлийнхнээ “Олон нийтийн сурталчилгаа, ивээн тэтгэлгийг гэр бүлийн харилцаанаас дээгүүр тавьдаг” хэмээн шүүмжилж, “Гэр бүлээсээ холдсоноор амьдралдаа анх удаа айдасгүй болсон” гэж онцолсон байна.
BBC агентлаг Дэвид болон Виктория Бекхэмийн төлөөлөгчдөөс тайлбар авахыг оролдсон ч тэд энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: BBC













































































