NBA-ийн талбайд олон жил өнгө нэмж, дэлхийн сагсан бөмбөгийн хорхойтнуудын танил болсон од төвийн тоглогч Демаркус Казинс Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигт хоёр дахь улирлаа тоглохоор хоёрдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт ирэх нь ээ.
АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2016 оны Риогийн олимпын наадмаас алтан медаль хүртсэн Казинс NBA-д 13 жилийн турш амжилттай тоглож, нийт долоон багийн өмсгөл өмссөн туршлагатай, нэр хүндтэй тоглогч юм.
Замналынхаа явцад 2018 онд ахиллийн шөрмөсөө тасалж, хүнд гэмтсэн ч тэрбээр шантралгүйгээр эргэн ирж, мэргэжлийн тамирчны хүч чадал, тэсвэр хатуужлыг харуулж чадсан билээ.
Демаркус Казинс Монголын лигт анх удаа тоглохдоо 2024–2025 оны улирлын хасагдах шатанд “Сэлэнгэ Бодонс” багийн төлөө хүч сорьж, “Хасын Хүлгүүд” багтай хийсэн ширүүн тоглолтын дараа тэмцээнээ өндөрлүүлэн, нутаг буцсан юм.
Энэ удаад тэрбээр дахин “Сэлэнгэ Бодонс” багийн бүрэлдэхүүнд нэгдэж, Үндэсний Дээд Лигийн талбайд хүч, туршлага, оддын тоглолтоо харуулахаар ирж буй нь Монголын сагсан бөмбөгийн хорхойтнуудын хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.













































































