Курдын “Сирийн Ардчилсан Хүчин” (САХ) эвсэл Хасеке мужийн өмнөд хэсэгт байрлах Эш-Шаддади хотын шоронгоос “Исламын улс” террорист бүлэглэлийн ойролцоогоор 1500 зэвсэгт этгээд оргосон хэмээн мэдэгдэв. Уг мэдээллийг САХ-ын төлөөлөгч Фархад Шами Курдын Rudaw телевизэд өгсөн байна.
Түүний хэлснээр, курдын зэвсэгт анги нэгтгэлүүд хорих ангийн нутаг дэвсгэрээс гарсны дараа засгийн газрын хүчинтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүд “Исламын улс” бүлэглэлийн нийт 1500 орчим хоригдлыг сулласан аж. Шами мөн суллагдсан этгээдүүд “довтлогч бүлэглэлүүдэд нэгдсэн” хэмээн онцолжээ.
Үүнээс өмнө САХ Дамасктай холбоотой зэвсэгт бүлэглэлүүд хорих ангийн нутаг дэвсгэрт халдлага үйлдсэний улмаас “Исламын улс” бүлэглэлийн мянга мянган дэмжигч хоригдож байсан Эш-Шаддади шорон хяналтаа алдсан тухай мэдээлж байсан аж.
Харин Сирийн Арабын Бүгд Найрамдах Улсын шилжилтийн засгийн газарт харъяалагддаг Батлан хамгаалах яам мөргөлдөөн болсон гэх мэдээллийг няцааж, хоригдлуудыг “санаатайгаар сулласан” гэх хариуцлагыг САХ-д тохжээ.
Сирийн түр засгийн газар курдын эвслийг терроризмын асуудлыг дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглахыг завдаж байна хэмээн буруутгаж, “Исламын улс” бүлэглэлийн хоригдлууд оргож болзошгүй аливаа болчимгүй алхам хийхээс САХ-ын удирдлагыг сэрэмжлүүлсэн байна.
Эх сурвалж: TASS













































































