АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёрэд захидал бичиж, дэлхийн аюулгүй байдлын үүднээс Гренландыг АНУ-ын хяналтад авах шаардлагатай гэж мэдэгджээ.
Трамп “Хэрэв бид Гренландыг бүрэн бөгөөд туйлын хяналтдаа авахгүй бол дэлхий аюулгүй байж чадахгүй” хэмээн хэлснийг нэгдүгээр сарын 19-ний даваа гарагт AFP агентлаг эш татсан байна.
Мөн Трамп энх тайванд хүрэх нь өөрийнх нь хувьд цаашид улс төрийн тэргүүлэх зорилт биш болсон гэж захидалдаа бичжээ. Тэр
“Танай улс найм ба түүнээс дээш дайныг зогсоосны минь төлөө надад Нобелийн энх тайвны шагнал олгохоор шийдээгүйг харгалзан үзсэн тул би цаашид зөвхөн энх тайвны тухай бодох үүрэгтэй гэж өөрийгөө мэдрэхээ больсон” хэмээн мэдэгдсэн байна.
Захидлын жинхэнэ эсэхийг Норвегийн Ерөнхий сайдын албанаас баталжээ. Өмнө нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлж байсан аж.
Харин Стёре Норвегийн засгийн газар Нобелийн энх тайвны шагнал олгох үйл явцад ямар ч хамааралгүйгээ онцолжээ. Тэрбээр “Энэ нь олон нийтэд сайн мэдэгдсэн зүйл гэдгийг, тэр дундаа Ерөнхийлөгч Трампад би тодорхой тайлбарласан: Шагналыг хараат бус Нобелийн хороо олгодог” хэмээн хэлснийг AFP агентлаг эш татсан байна.
Трамп ОХУ-ын заналхийллийн өмнө Дани улсыг идэвхгүй байна гэж буруутгав
Тухайн өдөр Трамп Арктикт Оросын талаас учирч буй заналхийллийн нөхцөлд Дани улсын эрх баригчдыг ямар ч арга хэмжээ аваагүй хэмээн буруутгажээ.
Тэрбээр Truth Social платформ дээрээ “НАТО сүүлийн 20 жилийн турш Копенгагенд хандан, Гренландын эсрэг ОХУ-ын дайсагнасан үйлдлээс сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж ирсэн. Харамсалтай нь, Дани үүнийг хийж чадсангүй. Одоо бол яг зөв цаг нь, энэ ажлыг хийх болно!” гэж бичсэн байна.
Трамп Гренландыг хяналтдаа авна гэж сүрдүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дани улсын бүрэлдэхүүнд автономит нутаг дэвсгэрийн статустай байдаг Арктикийн энэ арлыг хяналтдаа авах хүсэлтэйгээ олонтаа илэрхийлж ирсэн. Сүүлийн хэдэн долоо хоногт Трамп Гренландыг эзлэн авахын тулд хүч хэрэглэхээр заналхийлж буй.
Хэд хоногийн өмнө тэрбээр Гренландын эргэн тойронд Орос, Хятадын хөлөг онгоц хэтэрхий олон байна гэж мэдэгдэн, АНУ-ын аюулгүй байдлын үүднээс арлыг хяналтдаа авах төлөвлөгөөгөө зөвтгөсөн.
Дани улсын Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен болон Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт нар нэгдүгээр сарын 14-нд Вашингтонд болсон хэлэлцээний үеэр арлын статусын асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй.
Хэлэлцээний дараа Расмуссен “Гренландын асуудлаар манай орнууд үндсээрээ ялгаатай байр суурьтай байна” гэж мэдэгдсэн бол Моцфельдт Цагаан ордонтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байгаа ч Гренланд АНУ-ын харьяанд орохыг хүсэхгүй байгааг илэрхийлжээ.
Герман болон Европын хэд хэдэн улс нэгдүгээр сарын 15-нд бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөн 2026 оны сүүлээр болох томоохон цэргийн сургуулилалтад Дани улсад туслах зорилгоор тагнуулын ажиллагааны хүрээнд Гренланд руу цэргээ илгээнэ гэж мэдэгдэв.
Үүний дараа Трамп эдгээр орнуудын эсрэг 10 хувийн худалдааны татвар ногдуулахаа зарласан бөгөөд маргааш нь Бундесверийн 15 цэрэг Гренландыг орхин гарчээ.
Мачадо Трампад Нобелийн энх тайвны шагналыг “гардуулжээ”
Өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо нэгдүгээр сарын 15-нд Трамптай уулзсаны дараа сэтгүүлчдэд “манай эрх чөлөөнд онцгой үнэнч байсныг нь үнэлж” Нобелийн медалиа Трампад “гардуулсан” гэж мэдэгджээ.
Дональд Трамп Truth Social сүлжээндээ “Мария миний хийсэн ажлын төлөө Нобелийн энх тайвны шагналыг надад өгсөн. Энэ бол харилцан хүндэтгэлийн гайхамшигтай илэрхийлэл байлаа. Баярлалаа, Мария!” гэж бичсэн байна.
Нобелийн энх тайвны шагналыг хариуцан олгодог Норвегийн Нобелийн хүрээлэн нэгдүгээр сарын 9-нд уг шагналыг өөр хүнд шилжүүлэх боломжтой гэсэн мэдэгдлийг няцаажээ.
Тус хүрээлэн “Нобелийн шагнал олгогдсоны дараа буцаах, хуваах, эсвэл өөр хүнд шилжих боломжгүй. Шийдвэр нь эцсийнх бөгөөд үүрд хүчинтэй хэвээр үлддэг” гэж онцолсон байна.
Эх сурвалж: DW













































































