Бид “Бидний тухай” буландаа энэ удаа ТАСС агентлагийн нийтэлсэн, Монгол, Хятад хоёр улс ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн хоолойн асуудлаар тохиролцсон талаарх мэдээллийг онцолж байна.
Тус мэдээлэлд “Монгол Улс болон БНХАУ ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх, мөн газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Одоогийн байдлаар Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортын 95 хувийг ОХУ-аас авч буй аж. Энэ тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хэвлэлийн алба тус яамны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг танилцуулахдаа мэдээлэв.
Мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын төрийн өмчит CNPC компанийн төлөөлөгчидтэй уулзсан байна.
Уулзалтын үеэр талууд ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцож, мөн БНХАУ-аас импортлох газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар санал нэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ, БНХАУ-ын талууд “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой болон Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” транзит хий дамжуулах хоолойг барих тухай, 50 тэрбум шоо метрийн хүчин чадалтай, хууль зүйн хувьд заавал биелүүлэх меморандумд гарын үсэг зурсан.
Өмнө нь ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн барилгын төслийн хэрэгжилтийн хугацаа болон санхүүжилтийн төслийг нарийвчлан боловсруулсны дараа мэдээлэл өгнө гэж онцолжээ.
Одоогийн байдлаар уг төсөл урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах шатандаа явж буй бөгөөд санхүүжилтийн схемийг 2026 онд бэлэн болгох боломжтой гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS













































































