БНХАУ-ын Өвөр Монголын Бугат хотод ган хавтангийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй алга болж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар төрийн мэдлийн “Xinhua” агентлаг мэдээлжээ.
Дэлбэрэлтийн улмаас 84 хүн гэмтэж бэртсэн бөгөөд уг үйлдвэрийг эзэмшдэг охин компани нь харьяалагддаг Inner Mongolia Baotou Steel Union (600010.SS) компани хөрөнгийн биржид гаргасан тайландаа энэ талаар дурдсан байна.
Компанийн мэдээлснээр дэлбэрэлт нь ус, уур бүхий бөмбөлөг хэлбэрийн савны дэлбэрэлтээс үүдэлтэй агаад үйлдвэрийн зарим барилга, тоног төхөөрөмжийг гэмтээжээ. Мөн ган хавтангийн цех болон ойр орших байгууламжуудын үйлдвэрлэлд нөлөөлж магадгүй байгаа аж. Хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй юм байна.
Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж эмчилж байгаа аж. Inner Mongolia Baotou Steel Union компани эрх баригчидтай хамтран дэлбэрэлтийн шалтгаан нөхцлийг тодруулахаар шалгалт хийж буй юм байна. CCTV телевизийн мэдээлснээр, гэмтсэн гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Бугат Стил Юнион компанийн экологи хяналтын үр дүнгээр, уг осол орчны агаар болон хөрсөнд нөлөөлөөгүй, газарт ямар ч бохир ус асгараагүй байна.
Дэлбэрэлт 2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр орон нутгийн цагаар 15:03 цагт гарсан бөгөөд Baogang United Steel компанийн Бугат хот дахь гангийн үйлдвэрт болсон байна. Өмнөх мэдээллээр, дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн сураггүй болсон ба 66 хүн янз бүрийн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлжээ.
Эх сурвалж: TASS, REUTERS













































































