Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Эксим банкны эх үүсвэртэй 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвийг дулааны станцтай болгох томоохон төслийг 2019 онд эхлүүлсэн. Орон нутгийн эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилготой энэхүү төсөл өдгөө эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой эрүүгийн хэрэг болж хувираад байна.
Төслийн хүрээнд Эрчим хүчний яам 2019 онд БНСУ-ын хоёр, Монголын нэг компанитай нийт 9 сая гаруй ам.долларын зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулжээ. Гэвч төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй, гэрээний хугацаа дууссан байхад тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга байсан Н.Тавинбэх холбогдох хууль тогтоомжийг зөрчин, гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Үүнээс 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн Энержи Интернэшнл” ХХК-д шилжсэн нь анхаарал татаж буй юм.
Баривчилгаа, нэгжлэг, илэрсэн баримтууд
Энэ хэрэгтэй холбогдуулан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дотоод аудитор Ч.Цоодол нарыг баривчилж, 48 цагийн хугацаатай саатуулсан.
АТГ-аас 21 байршилд нэгжлэг хийж, Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөгийн гадаад валют, мөн Н.Тавинбэхтэй холбоотой этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл хураан авчээ.
Ашиг сонирхлын сүлжээ
Мөрдөн шалгалтаар ил болсон нэг ноцтой асуудал нь албан тушаал, бизнесийн хамаарал бүхий сүлжээ юм. “Грийн Энержи Интернэшнл” ХХК нь 2018 онд байгуулагдсан бөгөөд өдгөө П.Товуудоржийн дүүгийн нэр дээр бүртгэлтэй. Харин П.Товуудорж өөрөө Эрчим хүчний сайдын зөвлөх, улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж ирсэн нь ашиг сонирхлын ноцтой зөрчил байж болзошгүй нөхцөл үүсгэжээ.
Мөн Н.Тавинбэхтэй холбогддог “Багануур энерги” ХХК нь эрчим хүчний салбарт олон тэрбум төгрөгийн тендерүүд авсан ч тухайн хамаарлыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаж байгаагүй нь анхаарал татаж буй юм.
Холбогдох хуулийн заалтууд
Одоогийн байдлаар уг хэрэгт холбогдогчдыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах),
22.10 дугаар зүйл (үндэслэлгүйгээр хөрөнгөжих) зэрэг зүйл ангиар шалгаж байгаа бөгөөд эдгээр заалт нь хорих ял, нийтийн албанд ажиллах эрх хасах хүртэлх хариуцлага хүлээлгэх боломжтой талаар албаны эх сурвалж мэдээлж байна.
Аймгуудыг дулаантай болгох зорилготой, улсын хэмжээнд чухал ач холбогдолтой төсөл хяналт, ил тод байдлын дутагдлаас болж авлига, ашиг сонирхлын зөрчлийн хэрэг болон хувирч буй нь энэ. Хэргийг эцэслэн шийдвэрлэснээр, зөвхөн нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцохоос гадна, төрийн зээл, томоохон төслүүдийг хэрхэн хянаж, хэрэгжүүлэх вэ гэдэгт бодит сургамж болох биз ээ.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг
ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх 2020 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллах үеэсээ эхлэн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж ирсэн бөгөөд 2020-2024 онд таван жил дараалан мэдүүлэг өгсөн байна. Хамгийн сүүлд 2024 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байхдаа тэрбээр жилийн 38 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн нийт орлого 50 сая төгрөгтэй, хөрөнгө борлуулсан орлого нь 464 сая төгрөг гэж мэдүүлжээ.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг баригдаж буй барилга байгууламж байгаа бөгөөд нийтдээ 199 сая төгрөгөөр үнэлсэн байна. Автомашингүй ч 610 адуу, 480 үхэр, 1600 хонь, 300 ямаатай бөгөөд мал сүргээ 656 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн эзэмших эрхтэй таван газар, өмчлөх эрхтэй хоёр газрыг нийт 29 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэт эдлэлгүй, дотоодын банкинд 32 сая төгрөгийн хадгаламжтай, дансандаа 225 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлсэн байна.
Харин 147 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан бөгөөд “Разно импекс нэгдэл” компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн тэрбээр хурдан удмын 15 адуутай бөгөөд үүнийг 150 сая төгрөгөөр үнэлжээ.
Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж 2020 онд сайдын зөвлөхөөр ажиллах үеэсээ хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлж ирсэн бөгөөд 2024 онд зохицуулагчаар ажиллаж байхдаа жилийн 194 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн нийт орлого 78 сая төгрөгтэй гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр нэг нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламж байгаа бөгөөд нийт 424 сая төгрөгөөр үнэлжээ.
“Lexus ES-300” маркийн автомашинаа 45 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд 15 хурдан удмын адуутай бөгөөд үүнийг 150 сая төгрөгөөр үнэлжээ. Дотоодын банкинд 496 сая төгрөгийн хадгаламжтай, 34 сая төгрөгийн зээлтэй, мөн “Найманд партнерс” компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. АТГ-ын мэдээлснээр, мөрдөн шалгах явцад П.Товуудорж нь Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажиллаж байх үеийн компаниараа дамжуулан үйлчилгээ үзүүлсэн нь тогтоогджээ.
Эрчим хүчний яамны газрын дарга асан Б.Насантогтох 2023 оны арваннэгдүгээр сард Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл баталснаас хойш 2024 оны зургадугаар сарын 20-нд эхнэрийн нэрээр өөрийн хамаарал бүхий компанитай гэрээ байгуулж, 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий дамжуулагч утас нийлүүлэхээр болж, давуу байдал бий болгосон байна.
Түүний гэрт хийсэн нэгжлэгээр 10.600 ам.доллар, 11.600 юань, 300 мянган вон, 3440 евро, мөн хамаарал бүхий этгээдийн гэрээс 70 мянган ам.доллар нийт 350 орчим сая төгрөг илэрсэн бөгөөд эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгаж байна.
Б.Насантогтох 2020-2021 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2022-2024 онд яамны газрын даргаар ажиллаж байхдаа АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн бөгөөд жилийн 69 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 57 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ.
Тэрбээр хоёр нийтийн орон сууцтай, нийтдээ 582 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд автомашингүй, 140 хонь, 56 үхрээ нийт 49 сая төгрөгөөр үнэлсэн байна. Эзэмших эрхтэй хоёр газрыг 4 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд дотоодын банкинд 291 сая төгрөгийн хадгаламжтай, 180 сая төгрөгийн авлагатай, 200 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Мөн “Эн Ар Жи хөгжил” компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.












































































