Монгол Улсын нүүрсний салбарын хувьд 2025 он биет хэмжээний экспортын түүхэн дээд амжилтаар тэмдэглэгдсэн ч орлогын бодит өгөөжийн хувьд сорилт дагуулсан жил байв. Жилийн турш нийт 89.71 сая тонн нүүрс экспортолсон нь 2024 оныхоос 7.5 хувиар өсөж, төсөвт тусгасан 85 сая тоннын зорилтыг давуулан биелүүлсэн.
Ингэснээр Монгол Улс сүүлийн гурван жил дараалан нүүрсний экспортын биет хэмжээний дээд амжилтаа шинэчилсэн ч олон улсын зах зээлийн үнийн уналт энэхүү өсөлтийн эерэг нөлөөг сааруулжээ.
Оны эхний хагаст БНХАУ-ын гангийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын идэвх сул байснаар гангийн үйлдвэрлэл агшиж, түүний гол түүхий эд болох коксжих нүүрсний эрэлт огцом буурсан.
Үүний нөлөөгөөр Монголын нүүрсний экспортын хэмжээ оны эхэнд мэдэгдэхүйц хумигдсан ч долдугаар сараас эхлэн эрэлт, үнэ “V” хэлбэрээр сэргэж, дотоодын уул уурхайн биржийн арилжаа эрчимжсэн нь экспортын хэмжээг огцом нэмэгдүүлэх суурь болжээ.
Экспортын бүтцийг авч үзвэл, нийт гаргасан нүүрсний 84.2 сая тонн нь чулуун болон антрацит, 5.76 сая тонн нь хүрэн нүүрс байв. 2025 онд Монголын экспортын нүүрс бараг бүрэн хэмжээгээр БНХАУ руу чиглэсэн.
Тавдугаар сард ОХУ-д экспортолсон 10 тонн хүрэн нүүрсийг эс тооцвол нийт экспортын 100 хувь тус улсад ногдсон байна. Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний импортын ойролцоогоор 50 хувийг хангадаг стратегийн чухал түнш хэвээр байгааг энэ үзүүлэлт батлав. Гэвч экспортын биет хэмжээ өссөн ч орлогын дүн эсрэгээрээ 33.7 хувиар буурч, 5.77 тэрбум ам.долларт хүрсэн нь нүүрсний үнийн огцом уналттай шууд холбоотой.
“Mysteel Global”-ийн тооцоолсноор, 2025 онд экспортын дундаж үнэ 64 ам.доллар орчимд хэлбэлзсэн нь 2024 оныхоос даруй 38 хувиар доогуур үзүүлэлт байв. Энэ нь “их экспорт = их орлого” гэсэн уламжлалт хамаарал зах зээлийн бодит нөхцөлд заавал биелдэггүйг тод харуулжээ.
Цаашдын төлөв ч болгоомжлол дагуулж байна. БНХАУ-ын орон сууцны зах зээлийн сулрал, гангийн эрэлтийн бууралт нь коксжих нүүрс болон коксын үнийг дарамтлах суурь хүчин зүйл хэвээр хадгалагдахаар байгаа аж.
“Bloomberg Intelligence”-ийн шинжээчдийн тооцоолсноор, 2026 онд коксжих нүүрсний үнэ дахин 1-3 хувиар буурах эрсдэлтэй байна. Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд зөвхөн экспортын хэмжээг нэмэгдүүлэх бус, зах зээлийн эрсдэлийг бууруулах, бүтээгдэхүүний төрөлжилт, үнийн хэлбэлзлээс хамгаалах бодлого, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих асуудал улам чухал болж байна.













































































