Монголын нэрт уран барималч, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт А.Очирболдын “Эр хоёр загал” хэмээх уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын төв хэсэгт орших Бенчакитти паркт албан ёсоор байрлуулжээ.
Энэхүү ажлыг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар хэрэгжүүлсэн нь хоёр орны соёлын харилцаанд онцлох үйл явдал болов.
“Эр хоёр загал” бүтээлийг Монголын уран зохиолын үнэт өв болох “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд уран баримлын хэлээр дамжуулан хүч чадал, үнэнч зан чанар, зэрэгцэн оршихуйн гүн утгыг илэрхийлжээ.
Түүнчлэн энэхүү бүтээл нь Монгол Улс болон Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэлгэдсэн соёлын гүүр болон сүндэрлэсэн байна.
Бенчакитти парк Бангкок хотын томоохон ногоон байгууламжийн нэг бөгөөд долоо хоног бүр дунджаар 13-15 мянган хүн амарч, спортоор хичээллэдэг, олон нийтийн идэвхтэй амралтын бүс аж. Ийм байршилд Монголын уран бүтээл тавигдсан нь олон улсын үзэгчдэд Монголын урлаг, соёлыг таниулах чухал боломжийг бүрдүүлжээ.
Уран барималч А.Очирболд “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг түүх, соёлын сэдэвт олон бүтээлээрээ танигдсан уран бүтээлч юм.
Түүний “Ухамсар” бүтээл дэлхийн 192 орны уран бүтээлээс шалгарч, НҮБ-ын төв байр-ын цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан нь Монголын дүрслэх урлагийн олон улсын үнэлэмжийг илтгэх тод жишээ билээ.
Ийнхүү “Эр хоёр загал” бүтээл Бангкок хотноо сүндэрлэснээр Монголын уран баримлын урлаг дэлхийн тайзнаа дахин нэгэн тод мөрөө үлдээж, хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.












































































