АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд “илүү өргөн цар хүрээтэй” цохилт өгнө хэмээн заналхийлжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 9-нд Truth Social сүлжээндээ “Хэрэв Тегеран “бодитоор тохиролцсон гэрээг” бүрэн хэрэгжүүлж, Ормузын хоолойгоор чөлөөтэй, аюулгүй нэвтрэх нөхцөлийг хангахгүй бол АНУ өмнө нь хэзээ ч байгаагүй “илүү том, илүү амжилттай, илүү хүчтэй” цэргийн цохилт өгнө” гэж бичжээ.
Түүний хэлснээр, АНУ-ын бүх цэрэг, онгоц, хөлөг онгоц болон зэвсэг техник Иран болон ойролцоох бүсэд хэвээр байрлаж байгаа аж. Тэд хэдийнэ хүч нь суларсан дайсанд шаардлагатай үед хүчтэй цохилт өгч, бүрэн устгахад бэлэн буй юм байна.
Энд Иран цөмийн зэвсэг эзэмшихгүй байх, мөн Ормузын хоолойгоор чөлөөтэй зорчих нөхцөлийг баталгаажуулах тухай ярьж байгаа юм.
Европын орнууд: Ливанд ч гал зогсоохыг уриалав
Испани, Их Британи, Франц болон Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас нар дөрөвдүгээр сарын 9-нд АНУ ба Ираны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг Ливанд ч мөн хэрэгжүүлэхийг уриалжээ.
Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес “Израилийн агаарын цохилтууд олон улсын эрх зүйг зөрчиж байна” гэж буруутгасан бол Их Британийн сайд Иветт Купер Ливаныг бөмбөж буйг “маш хор хөнөөлтэй” гэжээ.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Израилийн дөрөвдүгээр сарын 8-нд хийсэн “өргөн хэмжээний” довтолгоог буруушаасан байна. Тэрбээр мөн Ираныг Ливаны шиит зэвсэгт бүлэглэл “Хезболлах”-ыг дэмжихээ зогсоохыг уриалжээ.
Ираны Ерөнхийлөгч: Ливанд хийж буй довтолгоо хэлэлцээг утгагүй болгож байна
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Израилийн Ливанд хийж буй довтолгоо гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хэлэлцээг утгагүй болгож байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “Иран Ливаны ард түмнийг орхихгүй” гэж онцолсон байна.
“Хезболлах”: Израильд үргэлжлүүлэн цохилт өгнө
Ираны дэмжлэгтэй “Хезболлах” бүлэглэл Израилийн довтолгооны хариуд цохилтоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Дөрөвдүгээр сарын 9-ний шөнө Израилийн хойд хэсгийн Манара сууринг онилж, “гал зогсоох хэлэлцээг зөрчсөн”-д хариу барьсан гэжээ.
Тэд Израиль болон АНУ-ын “түрэмгийлэл” зогсох хүртэл довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Ливаны Эрүүл мэндийн яам “Израилийн агаарын довтолгооны улмаас 250 гаруй хүн амиа алдаж, 890 гаруй хүн шархадсан” гэж мэдээлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш эдгээр довтолгоог “өргөн цар хүрээтэй халдлага” хэмээн буруушааж, олон энгийн иргэн, тэр дундаа хүүхдүүд амь үрэгдсэн, дэд бүтэц сүйдсэн талаар дурдсан байна.
АНУ “Хезболлах”-ын асуудлыг албан ёсоор зөвшөөрөөгүй
Иран гал зогсоох нөхцөлдөө Израиль “Хезболлах”-д довтлохоо зогсоохыг оруулсан ч АНУ үүнийг албан ёсоор зөвшөөрөөгүй байна.
Трамп Ираны саналыг “хэлэлцээр хийх боломжтой суурь” гэж үнэлсэн ч бүх заалтыг хүлээн зөвшөөрсөн гэж хэлээгүй аж.
Иран харин гал зогсоох горимыг үргэлжлүүлэх нь утгагүй гэж мэдэгджээ. Тус улсын парламентын дарга Мохаммад Багер Галибафын хэлснээр, 24 цаг хүрэхгүй хугацаанд төлөвлөгөөний 10 заалтаас 3 нь зөрчигдсөн байна.
Хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээр
АНУ ба Иран дөрөвдүгээр сарын 8-нд Трампын сүүлчийн шаардлага дуусахаас нэг цагийн өмнө хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Трамп үүнийг “АНУ-ын бүрэн ялалт” гэж тодорхойлсон бол Иран ч мөн өөрсдийн ялалт гэж үзжээ.
Цагаан ордны мэдээлснээр Израиль нэгдсэн ч Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг хэлэлцээр Ливанд хамаарахгүй талаар мэдэгдсэн байна.
АНУ ба Израилийн Ираны эсрэг дайн
АНУ ба Израиль хоёрдугаар сарын 28-наас эхлэн Иранд агаарын цохилт өгч, улмаар Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон олон өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэн байна.
Хариуд нь Иран Персийн булангийн бүсэд байрлах АНУ-ын цэргийн баазууд руу пуужин, дроноор довтолсон. Мөн газрын тосны байгууламж, танкерууд ч цохилтод өртсөн байна.
Ираны довтолгооны улмаас Азербайжан болон Европын холбоог даргалагч Кипр хүртэл хохирол амсжээ.
Эх сурвалж: DW












































































