АНУ Тегераны эсрэг эхлүүлсэн “Эпик уур хилэн” нэртэй ажиллагаа эхэлснээс хойш сар хагасын дараа бараг бүрэн зогсож, цохилтууд намжив.
Хэдхэн хоногийн өмнө Цагаан ордны тэргүүн Иранд “тамын өдрүүд” үзүүлнэ, цахилгаан станц, гүүрүүдийг устгана хэмээн сүрдүүлж, Ираныг “галзуу этгээдүүд” гэж нэрлэн, Ормузын хоолойг нээхийг шаардсан.
Түүгээр ч зогсохгүй улсыг нь бүрэн сүйрүүлнэ гэж заналхийлж байсан бол дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнө гэнэт хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээр зарлаж, Иранаас ирүүлсэн 10 заалт бүхий төлөвлөгөөн дээр үндэслэн яриа хэлэлцээ эхлүүлэхээр болов.
Германы цэргийн шинжээч Карло Масалагийн үзэж буйгаар, Вашингтон ба Тегераны хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоо нь стратегийн хувьд АНУ-ын ялагдал мэт харагдаж байгаа аж.
Харин Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор Хидэаки Синода ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ нь бүс нутагт Ираны нөлөөг бэхжүүлэхэд хүргэнэ” гэж мэдэгджээ.
Мөн Оросын улс төр судлаач Константин Калачёвын дүгнэснээр, Пакистаны санал болгосон гал зогсоох санаачилга нь үнэндээ Цагаан ордонд “нүүрээ аврах” боломж олгосон төдий алхам болсон байна.
Эх сурвалж: TASS












































































