Иран улс гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Ормузын хоолойгоор өдөрт 15-аас илүү усан онгоц нэвтрүүлэхгүй байхаар болсон талаар ТАСС агентлаг дөрөвдүгээр сарын 9-нд Ираны өндөр албан тушаалын эх сурвалжаас эш татан мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, уг хоолойгоор зорчих хөдөлгөөн нь Ираны зөвшөөрөл болон шинэ зохицуулалтын хүрээг чанд мөрдөхөөс бүрэн хамаарах бөгөөд энэхүү зохицуулалт нь Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын хяналт дор хэрэгжиж байгаа аж. Мөн энэхүү шинэ эрх зүйн зохицуулалтыг бүс нутгийн талуудад албан ёсоор мэдэгдсэн байна.
Тэрбээр “Одоогийн мөрдөгдөж буй гал зогсоох дэглэмийн үед Ормузын хоолойгоор өдөрт дээд тал нь 15 хөлөг нэвтрэхийг зөвшөөрнө. Энэ журмыг чанд мөрдөх шаардлагатай бөгөөд дайны өмнөх нөхцөл байдалд буцаж очихгүй” хэмээн онцолжээ.
Вашингтон болон Тегеран дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнө хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон. Энэ хугацаанд Ираны санал болгосон 10 заалт бүхий энхийн төлөвлөгөөг хэлэлцэх нь. Үүний дараа Иран улс Ормузын хоолойг нээж байгаагаа мэдэгдэж, лхагва гарагт анхны усан онгоцууд уг хоолойгоор нэвтэрсэн талаар мэдээлжээ.
Мөн Ойрхи Дорнод болон Төв Азийн орнуудыг судлах төвийн захирал Семен Багдасаров “Парламентская газета”-д өгсөн ярилцлагадаа Иран улс Ормузын хоолойгоор нэвтрэх хөлгүүдээс төлбөр авах эрхээ хадгалах сонирхолтой байна. Энэ нь зөвхөн өөрийн төдийгүй Оманы эрх ашигтай ч холбоотой байж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Эх сурвалж: TASS, PNP












































































