АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд зэвсэг нийлүүлж буй улс орнуудад 50 хувийн торгуулийн татвар ногдуулах талаар анхааруулав. Тэрбээр дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өөрийн Truth Social сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, ийм улс орнуудаас АНУ-д экспортолж буй бүх бараанд уг татвар ямар ч онцгой нөхцөлгүйгээр нэн даруй хэрэгжинэ гэж онцолжээ.
Мөн Трамп Иранд уран баяжуулах үйл ажиллагааг бүрэн зогсоохоо мэдэгдсэн байна. Тэр “Уран баяжуулалт байхгүй болно” хэмээн бичсэн бөгөөд АНУ Тегерантай цөмийн хаягдлыг устгах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Түүний хэлснээр, гүн дор хадгалагдаж буй цөмийн үлдэгдлийг бүрэн гаргаж устгах боломжтой аж. Түүнчлэн Ираны цөмийн байгууламжууд хатуу хяналт дор, хиймэл дагуулын ажиглалтад буй бөгөөд сүүлийн халдлагаас хойш тэнд ямар нэг өөрчлөлт хийгдээгүй талаар мэдэгдсэн байна.
Трампын үзэж буйгаар, Иранд “маш үр дүнтэй дэглэмийн өөрчлөлт” болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Вашингтон ба Тегераны харилцааг ойртуулах санал гаргаж, тариф болон хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар хэлэлцэхээ дурдсан байна.
Түүний хэлснээр, 15 заалт бүхий тохиролцооны ихэнхийг хэдийнэ зөвшилцсөн ч яг ямар асуудлууд багтсан талаар тодорхой тайлбарлаагүй байна. Харин үүнээс өмнө Иран 10 заалт бүхий өөрийн төлөвлөгөөг дэвшүүлж, АНУ-аас буулт хийхийг шаардаж байсан аж.
Гэвч уран баяжуулалтыг бүрэн зогсоох тухай Трампын мэдэгдэл Ираны байр суурьтай зөрчилджээ. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл АНУ Ираны уран баяжуулах эрх, Ормузын хоолойд тавих хяналтыг хүлээн зөвшөөрч, мөн хориг арга хэмжээг цуцлахад бэлэн болсон гэж мэдэгдсэн аж.
АНУ болон Иран улс дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнө хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээрт хүрчээ. Энэхүү тохиролцоог Трампын тавьсан сүүлийн шаардлагын хугацаа дуусахаас нэг цагийн өмнө хийсэн байна.
Трамп энэ хэлэлцээрийг “АНУ-ын бүрэн ялалт” гэж тодорхойлсон бол Тегеран ч мөн адил өөрсдийн ялалт хэмээн үнэлжээ. Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдэгдэлд “Дайсан ичгүүртэй, хууль бус, гэмт хэргийн шинжтэй дайнд түүхэн, ноцтой ялагдал хүлээлээ” гэж дурдсан байна.
Мөн Цагаан ордноос Израиль улс гал зогсоох хэлэлцээрт нэгдсэн гэж мэдээлсэн ч Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ нь Ливанд хамаарахгүй гэж тодруулжээ. Израилийн цохилтын улмаас “Хезболлах”-ын пуужингийн довтолгоонд хариу өгсөн ажиллагааны үеэр Ливанд 1500 гаруй хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW












































































