“Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор зохион байгуулагдсан Ардчилсан намын XVIII Их хурал өргөн цар хүрээтэй, идэвхтэй явагдаж амжилттай өндөрлөв. Энэхүү хурал нь зөвхөн шийдвэр гаргах төдийгүй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, санал бодлыг нь сонсох, намын ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлоход онцгой ач холбогдолтой байжээ.
Хуралд оролцогчид өөрсдийн үзэл бодол, санал хүсэлт, сэтгэлийн үгсээ бичиж, тусгай самбарт байршуулан нэгэн зорилгын төлөө нэгдэж буйгаа илэрхийлсэн нь онцлох үйл явдал болсон аж. Тэдний илэрхийлсэн санаануудад эв нэгдэл, шинэчлэл, хариуцлага, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсийг бататгах уриалга давамгайлж, намын хөгжлийг урагшлуулах бодит санал, санаачилгууд багтсан байна.
Энэ удаагийн Их хурлаар намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Хяналтын Ерөнхий хорооны анхны бүрэлдэхүүнийг сонгожээ. Сонгуульд чөлөөт суудалд 27, эмэгтэйчүүдийн суудалд 12 нэр дэвшигч өрсөлдөж, нийт 15 хүн сонгогдсон юм. Үүнд Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж, Д.Цэндсүрэн, З.Энхболд, С.Од-Эрдэнэ, Х.Ержан, Д.Батцогт, Т.Батчулуун, П.Ганхуяг, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нар багтсан байна.
Анхны цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан нь нам ил тод, нээлттэй, оролцоонд суурилсан зарчмыг бодитоор хэрэгжүүлж эхэлснийг харуулжээ. Шинээр байгуулагдсан Хяналтын Ерөнхий хороо нь цаашид намын үйл ажиллагаанд хараат бус, шударга хяналт тавих, зөрчил маргааныг хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх, намын үнэт зүйлсийг хамгаалах чухал үүргийг гүйцэтгэх аж.
Мөн Их хурлаар намын бодлого, бүтэц зохион байгуулалт, цаашдын зорилтыг тодорхойлж, орон нутаг болон нийслэлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд анхаарал хандуулжээ. Энэ үеэр намын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл аймаг, дүүргийн намын дарга нарын бүрэн эрхийг албан ёсоор батламжилсан байна.
Тэрбээр “Намын шат шатны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, иргэдтэйгээ илүү ойр ажиллах нь намын хөгжлийн суурь нөхцөл” хэмээн онцолжээ.


















































































