Иран болон АНУ-ын хооронд хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоо зарлагдсан ч дөрөвдүгээр сарын 8-ны лхагва гарагт Иран Персийн булангийн хэд хэдэн улс руу шинээр довтолжээ.
Кувейтийн зэвсэгт хүчний мэдээлснээр, Ираны довтолгооны улмаас нефть олборлох байгууламжууд, цахилгаан станцууд болон давсгүйжүүлэх үйлдвэрүүд ноцтой хохирол амссан байна.
Цэргийнхэн X сүлжээнд “Өглөөний 08:00 цагаас эхлэн Кувейтийн агаарын довтолгооноос хамгаалах систем Иранаас ирж буй хүчтэй, дайсагнасан халдлагуудыг няцааж байна” гэж мэдэгджээ. Тэдний хэлснээр, уг довтолгоонд Ираны 28 дрон оролцсон байна.
Мөн Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) пуужингийн аюулын талаар мэдээлжээ. Тус улсын Батлан хамгаалах яамнаас “Одоогийн байдлаар агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны пуужин болон дроны халдлагуудтай тулгарч байна” гэж мэдэгдсэн аж.
Ираны төрийн телевиз АНЭУ руу пуужин, дроноор довтолсныг баталж, үүнийг “Персийн буланд байрлах Ираны нефтийн байгууламжуудыг саяхан бөмбөгдсөний хариу” гэж тайлбарлажээ.
Бахрейн улсаас мөн адил пуужингийн цохилтын талаар мэдээлэл ирсэн байна. Нефтийн байгууламжууд байрладаг Ситра арал дээр дэлбэрэлт болж, утаа гарч байгааг AFP агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Тус улсын Дотоод хэргийн яам “Ираны түрэмгийллийн улмаас гарсан гал түймрийг унтраасан” гэж мэдэгдсэн бөгөөд довтолгооны улмаас хоёр хүн шархдаж, хэд хэдэн байшин эвдэрсэн байна.
Иран өөрийн нутагт ч дэлбэрэлт болсон гэж мэдээлэв
Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа Иран өөрийн нутагт мөн дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Персийн булан дахь Лаван арал дээрх нефть боловсруулах үйлдвэр “дайсагнасан, урвагч халдлагад өртсөн” гэж Mehr агентлаг мэдээлсэн байна.
Гал унтраах, аюулгүй байдлыг хангах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд одоогийн байдлаар хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл байхгүй аж. Мөн Сирри арал дээр ч дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Иран “Ямар ч түрэмгийлэлд хатуу хариу өгнө” гэж анхааруулсан байна.
АНУ ба Иран хоёр долоо хоногийн гал зогсоохоор тохиролцов
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 7-ны орой Truth Social сүлжээнд бичихдээ, Пакистантай зөвлөлдсөний дараа АНУ Ираны эсрэг “бөмбөгдөлт болон довтолгоогоо” хоёр долоо хоногийн хугацаанд зогсооно гэж мэдэгджээ.
Тэр “Үүний хариуд Ормузын хоолойгоор хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах ёстой” гэж онцолсон байна. Мөн урт хугацааны энхийн хэлэлцээрийн ажил урагштай явагдаж байгаа бөгөөд Иранаас ирүүлсэн “10 заалт бүхий санал”-ыг хэлэлцээний боломжит үндэс гэж үзэж буй талаар дурджээ.
АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч The New York Times-д өгсөн ярилцлагадаа Америкийн цэргийн цохилтууд хэдийнэ зогссоныг хэлсэн байна. Мөн Израиль улс ч хоёр долоо хоногийн хугацаанд Ираны эсрэг цохилтоо зогсоохоор болсон талаар CNN мэдээлжээ.
Иран ч гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрснөө баталсан байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Хоёр долоо хоногийн хугацаанд Ормузын хоолойгоор хөлөг онгоц аюулгүй нэвтрэх боломжийг хангана” гэж мэдэгджээ.
АНУ болон Ираны хэлэлцээ дөрөвдүгээр сарын 10-нд Пакистаны Исламабад хотод болох бөгөөд “Америкийн талд бүрэн итгэхгүй нөхцөлд” явагдана гэж Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл мэдээлсэн билээ.
Эх сурвалж: DW












































































