БНСУ-ын тулааны спортын “Black Combat” холбооноос зохион байгуулж буй “Black Cup 2026” тэмцээнд Монгол Улсын тамирчид эхний тулаанаа БНХАУ-ын багтай энэ сарын 11-нд хийх ажээ.
Азийн бүс нутгийн шилдэг тулаанчдыг нэг дор цуглуулдаг энэхүү цуврал тэмцээн энэ удаад улам өргөжиж, олон улсын хэмжээний томоохон тулаануудыг багтааснаараа онцлогтой.
Долоон жинд өрсөлдөх тулаанчид 720 сая төгрөгийн шагналын сангийн төлөө хүч чадал, ур чадвараа сорих бөгөөд Солонгос, АНУ, Монгол, Япон, Еврази, Бразил, Хятад зэрэг тулааны спортын өндөр хөгжилтэй орнууд оролцож байгаа аж.
Уг тэмцээний гол онцлог нь тулаанчид багийн хэлбэрийн өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл, улс бүр өөрийн шилдэг тулаанчдыг жин тус бүрт илгээж, багийн нийлбэр амжилтаар ялагчийг тодруулна гэсэн үг юм байна.
Хятадын багтай тулалдахаар манай улсаас +84 кг-д Э.Үнэнхүү, -84 кг-д жюү жицүгийн тамирчин Г.Гантулга, 77 кг-д Б.Бүрэнзориг, 70 кг-д Э.Гантөмөр, 66 кг-д П.Содномдорж, 61 кг-д Ш.Бат-Итгэлт, 57 кг-д Г.Баяндүүрэн нар тулалдахаар Солонгост бэлтгэлээ базааж буй аж.
Энэхүү тэмцээний тулаанууд богино хугацаанд өндөр хэмнэлтэй болдгоороо онцлогтой бөгөөд ихэнх тулаан гурван үе үргэлжлэх нь. Цахим ертөнцөд хоёр багийн тулааны өмнөх сорилууд анхаарал татсаар байна.














































































