АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 7-ны мягмар гарагт Truth Social сүлжээгээрээ дамжуулан “Пакистантай зөвшилцсөний үндсэн дээр Ираны эсрэг “бөмбөгдөлт болон довтолгоог” хоёр долоо хоногийн хугацаанд зогсоохоор болсон. Үүний хариуд Ормузын хоолойгоор хөлөг онгоцууд саадгүй нэвтрэх нөхцөлийг мөн хугацаанд хангах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Трамп мэдэгдэлдээ Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф-ын “өнөө шөнө Иран руу чиглэсэн сүйтгэх ажиллагааг түр азнах” хүсэлтийг иш татсан байна. Мөн тэрбээр “Бид бүх цэргийн зорилтоо биелүүлээд зогсохгүй давуулан гүйцэтгэсэн учраас гал зогсоох шийдвэр гаргасан” гэж тайлбарлажээ.
Түүний хэлснээр, АНУ Ирантай урт хугацааны энхийн эцсийн хэлэлцээр байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа аж. Тэр “Иранаас 10 зүйл бүхий санал бидэнд ирсэн. Үүнийг хэлэлцээний бодитой суурь гэж үзэж байна. Өмнөх маргаантай асуудлуудын ихэнх дээр АНУ, Иран хоёр тохиролцоонд хүрсэн, харин энэ хоёр долоо хоногийн хугацаа эцсийн тохиролцоог дуусгахад зориулагдана” гэжээ.
АНУ-ын засаг захиргааны нэгэн төлөөлөгч The New York Times-д “Ираны эсрэг Америкийн цэргийн цохилтууд хэдийнэ зогссон” гэж мэдэгдсэн байна. Мөн CNN агентлагийн мэдээлснээр, Израиль улс ч Ираны эсрэг цохилтоо хоёр долоо хоногийн хугацаанд зогсоохоор болжээ.
Тегеран ч мөн гал зогсооход бэлэн болсныг Fars агентлаг мэдээлжээ. Гэхдээ тус мэдэгдэлд Иран өөрийгөө “АНУ-ыг өөрийн 10 заалт бүхий төлөвлөгөөг хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн их ялалт байгуулсан” хэмээн онцолсон байна. Уг төлөвлөгөөнд Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах, Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцноос төлбөр авах зэрэг багтжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэхдээ, ойрын хоёр долоо хоногт Ормузын хоолойг Ираны Зэвсэгт хүчний зохицуулалт дор, техникийн боломжийг харгалзан, хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэхэд нээлттэй байлгана” гэжээ.
Мөн Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлөөс “АНУ, Ираны хэлэлцээ дөрөвдүгээр сарын 10-нд Исламабад хотноо болох бөгөөд ‘Америкийн талд бүрэн итгэж үл болох нөхцөлд’ явагдана” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW












































































