Төрийн албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэрэг олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ хүрээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэхээр болжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан шалгалтын дүнд Б.Насантогтох нь өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй ноцтой үйлдлүүд илэрсэн байна.
Тодруулбал, тэрбээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн нөхцөл олгохдоо холбогдох журам зөрчин, давуу байдал бий болгож, үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан гэж үзэж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, мөн 30 мянган ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон байна. Үүнээс гадна түүний хөрөнгө, орлого богино хугацаанд 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч үүнийгээ хууль ёсны эх үүсвэртэй болохыг тайлбарлаж чадаагүй нь “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх гэмт хэргийн шинжтэйд тооцогдож байгаа аж.
Тус хэрэгт холбогдуулан нийт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгасан бөгөөд 10 үйлдэлд холбогдох 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогджээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авч, санхүүгийн нарийвчилсан шинжилгээ хийсэн байна.
Онцлоход, нийт 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө болон 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлажээ. Ингэснээр нийтдээ 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг царцаасан бөгөөд энэ нь энэ төрлийн хэрэгт тооцогдох томоохон дүн болж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлигын эсрэг тэмцэл эрчимжиж, төрийн өндөр албан тушаалтнуудыг ч ялгалгүй шалгаж эхэлсэн нь эрх зүйн орчны шинэ шатанд гарч буйг харуулж байгааг шинжээчид хэлж байна. Ийм төрлийн хэргүүдийг ил тод, шударгаар шийдвэрлэх нь нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхээс гадна төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх чухал ач холбогдолтой юм.
АТГ-ын комиссар Б.Билэгт өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур “Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтох Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техник нөхцөл олгуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу тухайн аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн өдөр нь техникийнх нөхцөлийг нь баталсан байдаг аж.
Зам Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох дээрх техникийн нөхцөлийг баталснаас хойно буюу 2024 оны зургадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр ган голтой хөнгөн цагаан утас нийлүүлэх, нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна” гэж мэдээлж байв.
Мөн тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгийн ажиллагаа явуулахад Б.Насантогтохын гэрээс болон хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөгийн гадаад валют хураан авсан. Дээрх мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Уг хэрэгт холбоотойгоор одоогийн байдлаар хоёр хүнийг сааатуулан шалгаж байна” гэж тодотгож байсан билээ.












































































