Канье Уэст Британид нэвтрэх хүсэлт гаргасан ч засгийн газар нь татгалзсан байна. Үүний улмаас долдугаар сард Лондонд болох, түүний хедлайнерээр оролцохоор төлөвлөж байсан Wireless фестиваль цуцлагджээ. Фестивалийн зохион байгуулагчид энэ мэдээг дөрөвдүгээр сарын 7-ны мягмар гарагт мэдээлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Канье Уэстийг олон удаа антисемит, арьс өнгөөр ялгаварлах болон нацизмыг өмгөөлсөн гэж шүүмжилсээр буй аж.
Фестивалийн зохион байгуулагчдын тайлбар
Цуцлагдсан фестивалийн тухай мэдэгдэлд “Антисемитизм ямар ч хэлбэрээр байлаа гээд зэвүүцмээр бөгөөд эдгээр асуудлууд нь бодит, хувийн нөлөө үзүүлсэнийг бид ойлгож байна” гэж дурджээ.
Өмнө нь Pepsi, Rockstar Energy болон Diageo компаниуд фестивалийн гол ивээн тэтгэгчээр оролцохоос татгалзсан нь Festival Republic компани Йег хедлайнерээр урьсантай холбоотой аж.
Стармер: Бид еврейн нийгэмлэгийг дэмжиж байна
Британий Ерөнхий сайд Кир Стармер “Канье Уэстийг нэвтрүүлээгүй нь шууд антисемит үзэлтэй холбоотой” гэж мэдэгдсэн байна.
Тэр “Канье Уэстийг Wireless фестивалийн хедлайнерээр урьж болохгүй байсан.
Манай засгийн газар еврейн нийгэмлэгийг баттай дэмжиж, антисемитизмийн хор нөлөөг устгах тэмцлээ хэзээ ч зогсоохгүй. Бид нийгмийг хамгаалж, үнэт зүйлсээ хамгаалах шаардлагатай бүх алхмыг хийх болно” гэжээ.
Уэст: Еврей диаспортой харилцах хүсэлтэй
Канье Уэст өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Британий еврей диаспор (Израйлын гадна амьдарч буй еврей хүмүүс)-той ярилцаж, ойлголцох боломж олгоосой гэж хүсэж байна” гэжээ.
Тэр “Би үгээр хэлээд хангалтгүй гэдгийг ойлгож байна. Өөрчлөлтийг үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Хэрэв та нар үүнийг хүлээж авахад бэлэн байвал би бэлэн байна” гэж хэлсэн аж.
Өмнөх үйлдэл, шүүмжлэл
Уэст өнгөрсөн жил олон удаа Адольф Гитлерийг магтан дуулаад, “Хайль Гитлер” нэртэй дуу гаргаж, вэб сайтдаа свастик (харгислал, үгүйсгэл, антисемитизмийн бэлгэ тэмдэг)-тай футболк зарж байжээ. Нэгдүгээр сард тэрбээр олон нийтийн өмнө уучлал гуйж, зан үйлээ сэтгэцийн өвчний улмаас болсон гэж тайлбарласан байна.
Festival Republic компани Уэстийг дэмжиж, уучлал гуйхыг уриалжээ.
Эх сурвалж: DW












































































