Ираны эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн, хоёр хоногийн дараа дуусах сүүлчийн шаардлага (ультиматум)-ыг дахин сануулсныг эрс эсэргүүцжээ. Ираны хэд хэдэн өндөр албан тушаалтан энэ байр суурийг дөрөвдүгээр сарын 4-ний бямба гаргийн орой илэрхийлсэн байна.
Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Эбрахим Азизи Трампын мэдэгдэлд хариу болгон Х сүлжээнд “Иран чамайг болон чиний цэргүүдийг шууд тамын гүнд илгээх болно — та нарын жинхэнэ байх ёстой газар руу чинь” хэмээн жиргэжээ.
Мөн Ираны дээд цэргийн командлалын төлөөлөгч генерал Али Абдоллахи Алиабади “Дайнч, түрэмгий хандлагатай АНУ-ын Ерөнхийлөгч дараалсан ялагдлуудын дараа сандарсан, тэнцвэргүй, бодлогогүй байдлаар Ираны дэд бүтэц, хөрөнгөд заналхийлэх зориг гаргалаа” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн АНУ дахин цохилт өгвөл “Тамын хаалга нээгдэнэ” гэж анхааруулжээ.
Трампын шинэ ультиматум
Трамп дөрөвдүгээр сарын 4-нд өөрийн Truth Social сүлжээнд ультиматумыг дахин сануулсан байна. Түүний хэлснээр, Тегеран 48 цагийн дотор (өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 6-ны даваа гараг хүртэл) Вашингтонтой “гэрээ байгуулах”, эсвэл Ормузын хоолойн бүслэлтийг цуцлах ёстой. Эс бөгөөс Иранд “жинхэнэ там нүүрлэнэ” хэмээн анхааруулжээ.
АНУ-ын удирдагч гуравдугаар сарын 22-ны шөнө мөн адил 48 цагийн ультиматум тавьж, Ормузын хоолойн бүслэлтийг цуцлахыг шаардсан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад цохилт өгнө гэж мэдэгдэж байв. Дараа нь тэрбээр Ирантай хийж буй хэлэлцээтэй холбоотойгоор уг хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан билээ.
Эх сурвалж: DW












































































