“Бодь интернэшнл”-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра өнөөдөр /2026.04.07/ инстаграмаараа дамжуулан гэрчийн хамгаалалтад авбал Авлигатай тэмцэх газарт эрх баригч МАН-ынхны авлигын асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, Авлигатай тэмцэх газар /АТГ/, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна” гэжээ.
Тэрбээр жилийн өмнө буюу 2025 оны аравдугаар сард “Б.Энхбаяр аа, чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би “Бодь”-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүсэлт дайж байв. Гэвч түүнийг хамгаалалтад аваагүй, эцэстээ хилийн дээс алхан гадагшаа гарсан аж.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Б.Энхбаяр “Бодь Интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна.
Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна” хэмээн мэдээлсэн. Тэрбээр өчигдөр дөрвөн цагийн турш АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн.
Өдгөө ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр дээрх мэдээллийг үгүйсгэсээр буй юм.













































































