NASA-гийн Artemis II хөтөлбөрийн дөрвөн сансрын нисгэгч даваа гарагт урьд өмнө хүн төрөлхтөн хүрч байгаагүй хол зайд нисч, шинэ түүхэн дээд амжилт тогтоожээ.
АНУ-ын сансрын нисгэгчид болох Рид Висман, Виктор Гловер, Кристина Кох, Канадын сансрын нисгэгч Жереми Хансен нар Orion сансрын хөлөгтөө суугаад, Дэлхийгээс 252,756 миль буюу ойролцоогоор 405 мянган км зайд хүрсэн байна. Энэ нь 1970 онд Apollo 13 хөтөлбөрийн үеэр тогтоосон өмнөх рекордыг эвдсэн үзүүлэлт юм.
Тэд Сарны харанхуй, дэлхийгээс харагддаггүй ар талаар 6 цагийн турш нислэг хийж, хүний нүдэнд ховор харагддаг солирын мөргөлдөөнөөс үүссэн “гэрлийн цацралууд”-ийг шууд ажиглажээ. Энэхүү мэдээлэл нь шинжлэх ухааны судалгаанд үнэ цэнтэй материал болж, Apollo хөтөлбөрийн нисгэгчдийн тэмдэглэсэн гэрэлтэлтүүдийг санагдуулсан байна.

Нислэгийн үеэр багийнхан Сарны гадаргын зарим хэсгийг түр нэрээр нэрлэхээр шийдсэн бөгөөд Жереми Хансен Integrity (Орион хөлгийн нэрээр) болон Висманы оршуулсан эхнэр Карроллын нэрээр нэг тогоог нэрлэх санал гаргажээ.
Orion сансрын хөлөг Сарны ар талын харанхуйг гаталж, дэлхийн дүр төрхийг ар талын цонхоор харах боломжийг олгосон байна. Энэ нь Сарны тогтсон эргэлттэй холбоотойгоор хүн төрөлхтөн бараг харж байгаагүй үзэгдэл аж.
Нислэгийн явцад багийнхан 40 минутын хугацаанд холбоо тасарч, NASA-ийн Deep Space Network-оос сигнал авч чадаагүй ч Orion-ын цонхоор Сарны гэрэл тусгалыг нарийвчлан зураглаж, дэлхий, Сарны тойрог, наран мандаж, жаргаж буй ховор ховор үзэгдлийг дүрсэлжээ.
Artemis II нь ирээдүйд Сар руу дахин хүн хүргэх, урт хугацааны АНУ-ын Сарны суурьшлыг бий болгох зорилготой бөгөөд Ангараг руу хийх ирээдүйн сансрын нислэгийн бэлтгэл болон хүний хувьд туршилт болж буй аж.
Эх сурвалж: REUTERS












































































