Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарт холбогдох авлигын ноцтой хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дуусган, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан, улмаар уг мөнгийг “угаасан” байж болзошгүй хэмээн буруутгаж буй юм.
Эл хэрэг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХК-ийн татварын шалгалтаас үүдэлтэй аж. Тус компанид хяналт шалгалт хийх явцдаа дээрх хоёр байцаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлж, үүнийхээ хариуд их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл иржээ.
Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр тус компанийн эрх бүхий албан тушаалтнаас 100 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.
Хэргийг зөвхөн хахууль авсан асуудлаар хязгаарлахгүй, цаашлаад уг мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах, “зүсийг хувиргах” буюу мөнгө угаах үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа аж.
Прокурорын байгууллагаас тэдэнд Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:
- Албан тушаалтан хахууль авсан
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
- Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж ашигласан, шилжүүлсэн гэсэн ноцтой заалтууд багтаж байгаа аж.
Мөн “Дарцагт ноёд групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Нандинцогийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтанд мөнгө өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.
Ингэснээр уг хэрэг нь зөвхөн төрийн албан тушаалтнууд төдийгүй хувийн хэвшлийн төлөөллийг хамарсан авлигын шинжтэй хэрэг болж өргөжөөд буй юм байна.
Хэргийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс эцсийн шийдвэр гарах хүртэл талуудыг гэм буруутайд тооцох эсэх нь нээлттэй хэвээр байгаа аж.












































































