Унгарын зэвсэгт хүчин тус улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг “Туркийн урсгал” хийн хоолойн хэсгийг хамгаалалтад авахаар болсон байна. Энэ талаар Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто дөрөвдүгээр сарын 6-ны даваа гарагт Facebook хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Энэхүү шийдвэр нь Сербид Унгар руу чиглэсэн хийн хоолойн ойролцоо тэсрэх төхөөрөмж илрүүлсний дараахан гарсан байна.
Сийярто: Унгарын байгалийн хийн талаас илүү нь “Туркийн урсгал”-аар дамждаг
Сийярто “Энэ хоолой Унгарт байгалийн хий нийлүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Манай улсын хийн системд орж ирж буй байгалийн хийн 56 хувь буюу талаас илүү нь ‘Туркийн урсгал’-аар дамждаг” гэж онцолжээ.
Тэр “Хоолойг хамгаалах талаар Унгар, Орос, Серби, Турк улс тохиролцсон” гэж нэмж хэлсэн байна.
Унгарын Батлан хамгаалахын сайд Кристоф Шалай-Бобровницкийн мэдээлснээр, хамгаалалтыг “агаарын эргүүл болон газрын хяналтыг нэмэгдүүлэх замаар” чангатгажээ.
Сербид тэсрэх төхөөрөмж илэрсэн
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич дөрөвдүгээр сарын 5-нд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанд “Унгар луу чиглэсэн хийн хоолойн ойролцоо хүчтэй тэсрэх төхөөрөмж болон түүнийг дэлбэлэх детонаторууд илрүүлсэн” гэж мэдээлжээ.
Тэсрэх бодисыг Сербийн хойд хэсэгт орших Воеводина автономит мужаас олсон байна.
Унгар Украиныг сэжиглэв
Унгарын Гадаад хэргийн сайд уг үйлдлийг Сербийн бүрэн эрхт байдалд халдсан явдал гэж нэрлээд, Украины оролцоотой байж магадгүй хэмээн иш татжээ.
Тэрбээр “Эхлээд тэд (Украин) Украинаар дайран өнгөрдөг томоохон хийн хоолойг хаасан. Дараа нь ‘Дружба’ нефтийн хоолойн тээвэрлэлтийг сэргээгээгүй. Сүүлийн долоо хоногуудад Оросын нутаг дахь ‘Туркийн урсгал’ хоолойг олон арван дроноор довтолсон” гэж бичсэн байна.
Украин үгүйсгэв
Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч Георгий Тихий мэдэгдэхдээ, Сербид илэрсэн тэсрэх төхөөрөмжтэй Киев ямар ч холбоогүй гэжээ.
Түүний хэлснээр, энэ нь Орос улс “өөр хүний нэр барьсан” (false flag) ажиллагаа байж магадгүй бөгөөд Сербид болох парламентын сонгуулийн өмнө олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой байж болох аж.
Эх сурвалж: DW












































































