АНУ болон Израилийн зэвсэгт хүчин Ираны эрчим хүчний дэд бүтцийн гол объектуудыг устгахад чиглэсэн хамтарсан өргөн цар хүрээтэй цохилтын төлөвлөгөөг эцэслэн баталсан байна. Энэ талаар Америкийн Axios портал эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.
Мөн уг порталын мэдээлснээр, цэргийн энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг АНУ-аас Ирантай хийж буй хэлэлцээрийн урьдчилсан тохиролцоонд хүрэхээр тогтоосон эцсийн хугацаа дуусах хүртэл хойшлуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 5-нд Axios-д өгсөн ярилцлагадаа, энэ сарын 7 гэхэд Ирантай хэлэлцээр байгуулах боломж өндөр байгаа талаар мэдэгджээ. Үүнээс өмнө тэрбээр Truth Social сүлжээнд Иран дөрөвдүгээр сарын 6 гэхэд Ормузын хоолойг нээхгүй бол эрчим хүч болон иргэний дэд бүтцэд цохилт өгнө хэмээн анхааруулж байв.
Мөн Axios-ийн онцолсноор, АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээр байгуулах боломжит хугацааг нэг хоногоор сунгаж, АНУ-ын Зүүн эргийн цагаар энэ сарын 7-ны 20:00 (Москвагийн цагаар дөрөвдүгээр сарын 8-ны 03:00) хүртэл болгосон байна.
2026 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Цохилтод Ираны томоохон хотууд, тэр дундаа Тегеран өртсөн. Цагаан ордон уг довтолгоог Иранаас үүсэж болзошгүй пуужингийн болон цөмийн аюултай холбон тайлбарласан билээ.
Харин Ираны Исламын хувьсгалт гварди мэдэгдэл хийхдээ, хариу болгон өргөн хэмжээний ажиллагаа явуулж, Израилийн объектуудыг онилсон гэжээ. Мөн Бахрейн, Йордан, Катар, Кувейт, АНЭУ, Саудын Араб дахь АНУ-ын объектууд ч цохилтод өртсөн байна.
Эх сурвалж: TASS












































































