Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ болон Израиль улс Ираны эсрэг дайн нь Киевийг дэмжих Америкийн дэмжлэгийг улам сулруулж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Стамбулд хийсэн айлчлалынхаа үеэр энэ тухай Associated Press (AP) агентлагт ярилцлага өгөхдөө дурдсан бөгөөд уг ярилцлага дөрөвдүгээр сарын 5-ны ням гарагт нийтлэгдсэн байна.
Зеленский “Бид өнөөдөр АНУ-ын хувьд тэргүүлэх ач холбогдолтой биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс Иранд өрнөж буй сунжирсан дайн бидэнд ирэх дэмжлэгийг багасгана гэж би болгоомжилж байна” хэмээн хэлснийг AP эш татжээ.
Украины Ерөнхийлөгч мөн Киев анхнаасаа л Оросын цэргийн түрэмгийллийг эсэргүүцэхэд шаардлагатай Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем болон түүнд хэрэглэх пуужинг хангалттай хэмжээнд авч чадаагүй гэж онцолсон байна. Тэр хэрэв Иран дахь дайн ойрын хугацаанд дуусахгүй бол Украинд үзүүлэх тусламжийн багц “өдөр ирэх тусам багассаар байх болно” гэж үзэж байгаа аж.
Мөн ярилцлагын үеэр Зеленский АНУ Оросын нефтийн эсрэг хориг арга хэмжээг сулруулсны дараа Москва Ойрхи Дорнод дахь дайнаас эдийн засгийн хувьд ихээхэн ашиг хүртэж буйг тэмдэглэжээ. Тэр “Орос үүнээс нэмэлт орлого олж байна, тиймээс тэдэнд ашигтай” гэж онцолсон байна.
АНУ Оросын нефтийн хоригийг түр сулруулсан нь
АНУ гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 11 хүртэл танкеруудад ачигдсан Оросын нефть болон нефтийн бүтээгдэхүүний борлуулалтыг хориг арга хэмжээнээс түр чөлөөлсөн. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн хэлснээр, Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрийг “дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах, үнийг бага түвшинд барих” зорилгоор гаргасан байна.
Гэсэн хэдий ч гуравдугаар сарын 11-нд G7-ийн орнууд Ирантай холбоотой дайны нөхцөл байдлаас үл хамааран Оросын нефтийн хоригийг цуцлахгүй байхаар тохиролцсон юм.
Дональд Трамп Европ дөрөвдүгээр сарын 1-нд Ормузын хоолойг нээхэд туслахгүй бол Украинд зэвсэг нийлүүлэхийг зогсооно гэж анхааруулсан талаар Financial Times сонин мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр Европын орнууд АНУ-аас зэвсэг худалдан авч, Украинд нийлүүлэх PURL хөтөлбөрийг түр зогсоохоор заналхийлсэн байна.
Мөн The Washington Post сонины мэдээлснээр, Пентагон Украинд зориулагдсан цэргийн чухал техник хэрэгслийг Ирантай холбоотой дайнд шилжүүлэх боломжийн талаар судалж байгаа аж.
АНУ ба Израилийн Ираны эсрэг дайн
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-наас эхлэн Иранд агаарын цохилт өгч буй. Үүний улмаас Ираны дээд удирдагч Али Хаменеи болон олон өндөр албан тушаалтан, хүчний байгууллагын төлөөлөгчид амь үрэгдсэн.
Хариуд нь Иран Персийн булангийн бүс нутгийн хөрш орнууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолж буй. Тегераны мэдэгдэж буйгаар, эдгээр довтолгооны гол бай нь бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазууд.
Мөн Ираны довтолгоонд Персийн булангийн хэд хэдэн орны нефтийн агуулахууд болон нефть тээвэрлэгч танкерууд өртжээ. Түүнчлэн Азербайжан болон Европын холбоог түр даргалж буй Кипр улс ч хохирол амсаад буй юм.
Иран мөн АНУ-ын хэд хэдэн цэргийн онгоц, нисдэг тэргийг устгаснаа мэдэгдэв.
Эх сурвалж: DW












































































