Ираны халдлагын улмаас Арабын Нэгдсэн Эмират Улсад байрлах Borouge компанийн нефть-химийн үйлдвэрт гал гарсан талаар Абу-Дабигийн засгийн газрын хэвлэлийн алба дөрөвдүгээр сарын 5-ны ням гарагт мэдэгдэв.
Агаарын байг устгах үед хэлтэрхийнүүд унаж, хэд хэдэн газар гал гарчээ. Үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, учирсан хохирлыг мэргэжилтнүүд үнэлж байгаа аж. Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй байна.
Үүнээс өмнө АНЭУ-ын Батлан хамгаалах яам Ираны пуужин болон нисгэгчгүй төхөөрөмжүүдийг устгаснаа мэдэгджээ. Персийн булан дахь АНУ-ын цэргийн баазууд байрладаг орнуудаас АНЭУ нь Ираны халдлагад хамгийн их өртдөг бөгөөд эдгээр халдлага нь АНУ болон Израилийн цохилтын хариу гэж Тегеран үзэж буй аж.
Бахрейн: Нефтийн байгууламжуудад гал гарчээ
Мөн Бахрейн улсын Bapco Energies компани Ираны халдлагын дараа нефтийн агуулахад гал гарсан талаар мэдээлэв. Галыг унтраасан бөгөөд хохирлыг үнэлж буй аж. Хүний хохирол бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн Gulf Petrochemical Industries компанийн объектууд Ираны дроны халдлагад өртсөн гэж мэдэгджээ. Үйлдвэрүүдэд гарсан галыг мөн унтраасан байна. Энд ч бас хүний амь хохироогүй аж.
Кувейт: Цахилгаан станцууд гэмтэв
Кувейт улсын эрх баригчид Ираныг дэд бүтцэд халдсан гэж буруутгав. Дроны довтолгооны улмаас хоёр цахилгаан станц болон ус цэвэршүүлэх байгууламжууд ихээхэн гэмтсэн байна. Мөн нэг дрон Сангийн яамны барилгыг мөргөж, их хэмжээний материаллаг хохирол учруулжээ. Гэхдээ хүний хохирол энэ тохиолдолд ч бүртгэгдээгүй байна.
АНУ, Израиль ба Ираны зөрчил
АНУ болон Израиль улс хоёрдугаар сарын 28-наас эхлэн Ираны эсрэг агаарын цохилт өгч эхэлсэн. Эдгээрийн улмаас Ираны дээд удирдагч Али Хаменеи болон хэд хэдэн өндөр албан тушаалтан амиа алдсан гэж мэдээлсэн.
Үүний хариуд Иран Персийн булангийн бүс нутгийн хөрш орнууд руу пуужин, дрон ашиглан довтолж байгаа бөгөөд Тегераны мэдэгдсэнээр гол зорилго нь АНУ-ын цэргийн баазууд аж.
Ираны цохилтод мөн нефтийн агуулахууд, нефть тээвэрлэгч танкерууд өртсөн байна. Үүнээс гадна Азербайжан болон Европын Холбоог даргалж буй Кипр улс ч хохирол амсчээ.
Трампын анхааруулга
Дональд Трамп дөрөвдүгээр сарын 4-нд Иранд өгсөн тулган шаардалтаа дахин сануулжээ. Түүний хэлснээр, Тегеран дөрөвдүгээр сарын 6-наас өмнө АНУ-тай “гэрээ байгуулах”, эсвэл Ормузын хоолойн хоригийг цуцлах ёстой. Үгүй бол Иранд “асар хүчтэй хариу барина” гэж анхааруулсан.
Ираны тал энэ шаардлагыг няцаасан байна.
Эх сурвалж: DW










































































