Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага Израиль болон АНУ-д хандан “тамын хаалгыг нээнэ” хэмээн сүрдүүлжээ.
Ираны “Хатам аль-Анбия” төв командлалын ерөнхий командлагч, дэслэгч генерал Али Абдоллахи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын заналхийллийн хариуд ийм мэдэгдэл хийсэн байна. Түүний үгийг Ираны төрийн мэдлийн IRNA агентлаг дамжуулжээ.
Абдоллахи хэлэхдээ “Дайны эхнээс бид амласнаа бүгдийг хэрэгжүүлсэн. Одоо бидний энгийн мессэж бол: Та нарын өмнө тамын хаалга нээгдэнэ” гэжээ.
Тэрбээр мөн “Ираны эрчим хүчний дэд бүтцэд халдвал Исламын Бүгд Найрамдах Улс хатуу хариу арга хэмжээ авч, бүс нутаг дахь АНУ болон Израилийн бүх объектуудыг онилж цохилт өгнө” гэж анхааруулсан байна.
Абдоллах “Трампын тулган шаардалт түүний “сул дорой байдал, сандарсан байдлыг” харуулж байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 4-нд Иранд 48 цагийн хугацаа өгч, хэлэлцээр хийх, эсвэл Ормузын хоолойг нээхийг шаардсан бөгөөд эс бөгөөс “жинхэнэ там” нүүрлэнэ гэж анхааруулсан байна.
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг дайн эхлүүлсэнээ мэдэгдсэн. Цохилтууд Тегеран зэрэг томоохон хотуудыг хамарсан билээ. Үүний хариуд Ираны Хувьсгалт гварди Израилийг онилон өргөн хүрээтэй довтолгоо хийсэн. Мөн Бахрейн, Иордан, Ирак, Катар, Кувейт, АНЭУ болон Саудын Араб дахь АНУ-ын цэргийн объектууд ч довтолгоонд өртсөн гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: TASS










































































