Зарим хүмүүс хангалттай унтсан ч өглөө сэрэхдээ сэргэг биш, үргэлж ядарсан мэт мэдрэмжтэй байдаг. Яагаад тэр вэ?
Би өөрөө өдөр тутмын дэглэмдээ их анхаардаг. Ялангуяа нойртой холбоотой зуршлуудаа тогтмол баримтална: унтахын өмнө бэлдэж, унтлагын хувцсаа өмсөж, шүдээ угааж, арьсаа арчилна. Гар утсаа өөр өрөөнд орхиж, нам гүм, бүдэг гэрэлтэй, тохиромжтой дулаантай орчинд орж, талархлын тэмдэглэл бичин, хэсэг ном уншсаны дараа оройн 23.00 цагт унтдаг.
Гэвч 8-9 цаг унтсан ч өглөө сэрэхэд бие ядарсан хэвээр байдаг. Эрүүл амьдралын хэв маягтай, тогтмол дасгал хийдэг хүний хувьд энэ асуулт улам сонирхол татдаг. Яагаад хангалттай унтсан хэрнээ сэргэж чаддаггүй вэ?
Үнэндээ энэ бол олон хүнд тохиолддог асуудал. Судалгаагаар насанд хүрэгчдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг өвчингүй хэрнээ удаан хугацааны ядаргаанд ордог байна. Мөн олон хүн долоо хоногийн хэд хэдэн өдөр нойрмог, сульдсан мэдрэмжтэй байдаг гэж хариулжээ.
Ядаргаа гэж юу вэ?
Ядаргаа бол маш түгээмэл боловч тодорхойлоход амаргүй ойлголт. Энэ нь зүгээр нэг нойрмоглохтой адил биш. Нойрмоглох гэдэг нь унтах хэрэгцээ нэмэгдэхийг хэлдэг бол ядаргаа илүү өргөн ойлголт бөгөөд бие, сэтгэл, тархины олон талын доройтлыг илэрхийлдэг.
Ядаргаа нь биеийн (булчингийн сулрал), танин мэдэхүйн (анхаарал сарних, “тархи манантах”), сэтгэл зүйн (уур уцаартай болох, урамгүй болох) гэсэн олон хэлбэртэй байж болох аж.
Нойр: Зөвхөн хугацаа биш, чанар чухал
Ихэнх хүн шөнө 7-9 цаг унтах шаардлагатай. Гэвч зөвхөн хугацаа хангалттай байх нь хангалтгүй — нойрны чанар илүү чухал юм. Тасалдсан урт нойрноос илүү тасралтгүй гүн нойр илүү үр дүнтэй. Нойрны үеэр тархи “цэвэрлэгээ” хийж, хорт бодисуудыг зайлуулдаг.
Хэрэв нойр тасалдвал энэ процесс алдагдах нь мэдээж.
Мөн бидний унтах цаг биеийн дотоод хэмнэлтэй (циркадиан хэмнэл) нийцэх ёстой. Хэт орой, эсвэл хэт эрт унтах нь гүн нойрны чанарыг муутгаж, ядаргааг нэмэгдүүлдэг.
Ядаргааны нийтлэг шалтгаанууд
Ядаргаа нь олон шалтгаантай. Зарим нь эмнэлгийн, зарим нь амьдралын хэв маягтай холбоотой байдаг аж. Үүнд:
- Биологийн шалтгаан
Бамбай булчирхайн асуудал
Дааврын тэнцвэр алдагдах
В12, D аминдэм, төмөр, магнийн дутагдал
Гэхдээ сонирхолтой нь — ихэнх хүмүүсийн шинжилгээ хэвийн гардаг байна.
- Стресс
Стрессийн үед: Кортизол даавар нэмэгдэнэ. Зүрхний цохилт, биеийн идэвхжил өснө. Нойр муудна. Үүний улмаас “ядарсан хэрнээ тайвширч чадахгүй” мэдрэмж үүсдэг аж.
- Нойрны эмгэг
Жишээ нь: Нойрны апноэ (унтаж байхдаа амьсгал тасалдах), хурхирах (энэ нь хэвийн зүйл биш байж болно)
- Амьдралын хэв маяг
Ус бага уух
Хэт их кофеин хэрэглэх (нөлөө нь 5+ цаг үргэлжилдэг)
Согтууруулах ундаа (нойрыг тасалдуулдаг)
Ядаргаанаас хэрхэн ангижрах вэ?
Эрч хүчээ сэргээхэд туслах зөвлөмжүүд нь ерөнхийдөө бидний мэддэг энгийн зүйлс:
Тэнцвэртэй, шим тэжээлтэй хооллох
Аминдэм, эрдэсийн дутагдлыг нөхөх
Тогтмол, чанартай нойр авах
Стрессээ зохицуулах (бясалгал, амралт гэх мэт)
Тогтмол хөдөлгөөн хийх
Ус хангалттай уух
Шаардлагатай бол сэтгэлзүйн зөвлөгөө авах
Дэмжлэгтэй орчин бүрдүүлэх. Гэхдээ эдгээрийг мэдэхээс илүүтэй тогтмол хэрэгжүүлэх нь хамгийн чухал шүү.
Эх сурвалж: UNILAD











































































