Ардчилсан нам энэ сарын 8-нд Их хурлаа хийхээр товлоод байгаа нь тус намын хувьд дотоод эв нэгдэл, удирдлагын асуудал, цаашдын бодлогын чиглэлээ тодорхойлох чухал цаг үе болж байна. Учир нь, сүүлийн жилүүдэд Ардчилсан нам дотоод зөрчил, фракцын тэмцэлд автаж, тэр бүү хэл хоёр талд хуваагдсан байдалд хүрч, намын даргын асуудал хүртэл шүүхийн маргаанд шилжиж байсан.
2023 оны Их хурлаар нэгдлийг сэргээх, дүрэм бүтэцдээ өөрчлөлт оруулах оролдлого хийсэн ч бүрэн шийдэлд хүрч чадаагүй хэвээр үлдсэн юм, мөн 2024 оны сонгуулийн өмнөхөн стратеги, нэр дэвшигчдийн бодлогыг хэлэлцсэн ч дотоод үл ойлголцол арилаагүй.
Энэ нь намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэвээр. Өнөөдрийн байдлаар сөрөг хүчний гол үүргийг гүйцэтгэж буй ч олон нийтийн итгэл харьцангуй сул, зохион байгуулалтын хувьд тогтворгүй байгаа юм.
Энэ нөхцөлд удахгүй болох Их хурлаар намын дарга, удирдлагын асуудлыг эцэслэх, бодлогын шинэчлэл хийх, фракцуудын нөлөөг тэнцвэржүүлэх зэрэг шийдвэрүүд гарна гэсэн хүлээлт үүсээд байгаа тул энэ удаагийн хурал нь Ардчилсан нам үнэхээр нэгдэж, шинэчлэгдэж чадах эсэх, эсвэл дахин зөрчилдөөнд автах уу гэдгийг шийдэх улс төрийн чухал сорилт болж байна.
Ардчилсан Намын Их хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох юм байна. Энэ хүрээнд Их хурлын төлөөлөгчдийн заавал анхаарах зөвлөмжийг танилцуулсан байна.











































































