АНУ-ын Засаг захиргаа Ираны тал Америкийн цэргийн онгоцыг агаарын орон зайд буудаж унагасан болохыг нотолж, цэргийнхэн экипажийн гишүүдийг олж авсан эсэхийг шалгаж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
The New York Times сонин энэ тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 3-ны баасан гаригт АНУ болон Израилийн төрийн эх сурвалжуудын мэдээг иш татан дамжуулжээ. Мөн The Washington Post сонин хоёр хүний бүрэлдэхүүнтэй экипажийг эрэн хайж буйг онцолсон байна. Израилийн хэвлэлүүд нэг нисгэгчийг авраад байна гэж мэдээлсэн ч үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа аж.
Ираны мэдээллийн агентлагууд Америкийн нисдэг тэрэг бага өндөрт нисч, эрлийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлж, орон нутгийн иргэд эдгээр нисдэг тэрэг рүү гал нээж буй бичлэгийг нийтэлжээ. Энэ нь АНУ, Израилийн Иранд явуулж буй үйл ажиллагааны эхний батлагдсан цохилт болж байна. Өмнө нь Цагаан ордны баталгаажуулсан ийм алдагдал гарч байгаагүй аж.
Эх сурвалжийн мэдээллээр, Ираны Зэвсэгт хүчнийхэн өмнө нь F-35 сөнөөгч онгоцыг устгасан гэж мэдэгдэж байв. Исламын хувьсгалын гвардын мэдээлснээр, уг онгоцыг агаарт шинэ дэвшилтэт ПВО системээр буудсан байна. Тус гвардынхан онгоц унасан Ираны баруун өмнөд хэсгийг шалгаж буй бөгөөд нутгийн захирагч нисгэгчийг олж авсан, эсвэл устгасан хүн бүрт шагнал өгөхөө амалжээ.
Гэвч олон нийтийн судалгаанд суурилсан The Aviationist сэтгүүл Ираны хэвлэлээр нийтэлсэн онгоцны сэвийг нарийвчлан судалж үзэхэд, унасан онгоц “F-15E Strike Eagle” гэж дүгнэсэн байна. Үүнтэй адил дүгнэлтэд OSINT төсөл OSINTtechnical хүрчээ. Мэргэжилтнүүд зураг дээр F-15E-аас онцлог элементүүд, тухайлбал босоо тогтворжуулагчийн үлдэгдэл болон ACES II систем бүхий катапультын сандал харагдаж байгааг онцолжээ.
Ираны Tasnim агентлаг өмнө нь катапультын сандлын тусламжтайгаар амьд үлдсэн америк нисгэгчийг барьсан гэж мэдээлсэн бол Ираны төрийн радио өнөөдрийн байдлаар хоёр нисгэгчийн хувь заяа тодорхойгүй хэвээр байгааг дамжуулж байна.
Эх сурвалж: DW










































































