ОХУ-ын цэргүүд дөрөвдүгээр сарын 3-нд шилжих шөнө Харьков хотод энэ удаа баллистик пуужин ашиглан дахин халдлага үйлджээ. Хотын дарга Игорь Терехов орон нутгийн цагаар 04:30 цагийн орчимд Telegram хуудсаараа дамжуулан “Киевийн дүүрэг рүү дөрвөн баллистик пуужин харвасны улмаас олон давхар орон сууцны хэд хэдэн барилга гэмтэж, цонхууд нь хагарч, хийн шугам эвдэрсэн” гэж мэдээлсэн байна.
Тэрбээр үүнээс өмнө оросууд хотын Салтовский болон Основянский дүүргүүдэд нисгэгчгүй онгоц (дрон)-оор цохилт өгсөн, мөн Новобаварский дүүрэгт хоёр хүн шархадсаны дунд 8 настай охин байсан талаар мэдээлжээ.
Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубовын мэдээлснээр, мөн шархадсан 63 настай эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн байна. Нийт хохирогчдын талаар бүрэн мэдээлэл тухайн үед хараахан гараагүй байсан бөгөөд халдлагын үр дагаврыг тодруулж байгаа аж.
Өмнөх шөнө буюу дөрөвдүгээр сарын 2-нд Харьков хот ОХУ-ын армийн дроны томоохон дайралтад өртжээ.
Мөн Запорожье, Павлоград хотууд руу халджээ
Энэ сарын 3-нд шилжих шөнө Запорожье хотод мөн дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. Орон нутгийн цэргийн захиргааны дарга Иван Федоров Telegram-даа бичихдээ ОХУ-ын тактикийн нисэх хүчин, пуужин болон дроны довтолгооны аюул заналхийлэл байгааг анхааруулжээ.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын мэдээлснээр, тус хот руу пуужин чиглэн нисэж байсан аж. Мөн Днепропетровск мужийн Павлоград хот халдлагад өртсөн бөгөөд тухайн бүс нутагт хот руу чиглэсэн пуужин илэрсэн байна.
Киевийн цагаар өглөөний 06:00 цагийн байдлаар Киев, Житомир, Винниц, Чернигов, Сумы, Черкасс, Кировоград, Полтава, Харьков, Днепропетровск, Николаев, Запорожье болон Донецк мужуудад агаарын дохио хангинасаар байгаа аж.
Эх сурвалж: DW










































































