Гадаад улс руу аялахдаа аяллаа аль болох хялбар болгохын тулд анхаарах зүйл олон байдаг. Мэдээж паспорт, виз зэрэг чухал бичиг баримтаа марталгүй авч явах нь хамгийн чухал. Үүнээс гадна зорчих гэж буй улсынхаа шаардлага, дүрэм журамтай урьдчилан танилцах нь зайлшгүй шаардлагатай зүйл юм.
Зорчигчийн хувийн мэдээлэл, нууцлалын баталгаа хэр зэрэг байна вэ гэдэг таны иргэншил, паспортын хүчин чадал, мөн тухайн улсын дотоод журам, бодлогоос хамаардаг.
Зарим улс оронд тодорхой нөхцөлд хил дээр таны гарутас, компьютер, таблет зэрэг электрон төхөөрөмжийг шалгах хууль ёсны эрх бий. Шалгалт хийх үндэслэл нь улс орноос хамаарч өөр өөр байж болох нь. Жишээ нь, үүнд гэмт хэрэгт холбогдсон сэжиг, хууль бус бараа бүтээгдэхүүн импортлох эрсдэл, эсвэл сошиал медиа хянах зэрэг ордог байна.

ОХУ руу зорчиход төхөөрөмж дээрх мэдээлэл бүрэн нууцлагдаж байгаа гэж найдах хэрэггүйг санах нь чухал.. АНУ-ын Гадаад хэргийн яамны зөвлөмжид дурдсанаар, ОХУ-ын эрх баригчид төхөөрөмжийг хураан авах эрхтэй. Төхөөрөмж дээрх мэдээллээс шалтгаалан гадаадын иргэдийг саатуулж ч болох нь. Гэсэн хэдий ч энэ хуулийн хэрэгжилт нь заримдаа таамаглахад бэрх, тодорхой бус байдаг аж.
Канад: Хил дээр ажилладаг албан хаагчид Гаалийн хуулийн дагуу зорчигчийн электрон төхөөрөмжийг шалгах эрхтэй. Үүнд шүүхийн зөвшөөрөл шаардлагагүй юм байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл зорчигчоос нууц үгийг шаардаж болох аж. Гэхдээ ийм шалгалт хийхийн тулд хууль зөрчсөн байж болзошгүй тодорхой сэжиг, үндэслэл байх ёстой.
Австрали: Мөн адил хил дээр төхөөрөмж шалгах хууль ёсны эрхтэй. Зорчигч төхөөрөмжөө нээхээс татгалзаж болох ч эрх баригчид төхөөрөмжийг хураан авч шалгаж болно. Хэрэв зорчигч татгалзвал саатуулагдах, асуудал даамжрах эрсдэлтэй бөгөөд ялангуяа гэмт хэргийн нотлох баримт байж болзошгүй гэж үзвэл энэ эрсдэл нэмэгддэг аж.

Шинэ Зеланд: Төхөөрөмж шалгах боломж бий ч харьцангуй ховор. Гэхдээ хууль бус үйлдлийн сэжиг байвал албан хаагчид шалгах хүсэлт гаргаж, шаардлагатай бол нууц үгийг шаардаж болно. Хэрэв зорчигч татгалзвал 5000 шинэ зеланд долларын (ойролцоогоор 2855 ам.доллар) торгууль ногдуулж болох юм.

Хонконг: 2026 оны гуравдугаар сард АНУ-ын консулын газраас анхааруулснаар, тус бүс нутгийн цагдаа нар зорчигчдоос зөвхөн нууц үг төдийгүй төхөөрөмжийн тайлал (decryption) шаардах эрхтэй болжээ. Шинэчилсэн Үндэсний аюулгүй байдлын хууль (Hong Kong National Security Law)-ийн дагуу ийм шаардлагыг биелүүлэхээс татгалзах нь гэмт хэрэгт тооцогддог. Энэ журам зөвхөн Хонконгод очиж буй хүмүүст бус, дамжин өнгөрч буй зорчигчдод ч хамаардаг.

Эх газрын Хятад: Тодорхой мэдээлэл бага боловч үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэжиг байвал эрх баригчид төхөөрөмжийг шалгах эрхтэй. Гэсэн хэдий ч хууль хэрэгжих байдал бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг тул урьдчилан таамаглахад хэцүү аж.

АНУ: Хил дээр ажилтнууд гар утас, компьютер, таблет, камер зэрэг электрон төхөөрөмжийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр шалгах эрхтэй. Энд энгийн шалгалтын үе ч хамаарна. Нууц үгээ өгөхөөс татгалзах нь гэмт хэрэг биш боловч төхөөрөмжөө хураалгаж болзошгүй.
Харин АНУ-ын иргэн биш зорчигчид цагаачлалтай холбоотой хүндрэл тулгарах эрсдэлтэй. Мөн АНУ ирээдүйд хил дээр “сошиал медиа шалгалт” нэвтрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд зорчигчийн сүүлийн таван жилийн сошиал мэдээллийг шалгах боломжтой болох ч одоогийн байдлаар хэрэгжиж эхлээгүй байна.
Эдгээр улс оронд электрон төхөөрөмжийг хил дээр шалгах эрхтэйг хуульдаа заасан байдаг боловч хэрэгжилт нь улс бүрт өөр, заримдаа урьдчилан таамаглахад бэрхшээлтэй байж болохыг анхаарах хэрэгтэй. Иймээс аялалд гарахаасаа өмнө тухайн улсын журам, шаардлагатай арга хэмжээнүүдтэй сайтар танилцах нь хамгийн зөв алхам юм.
Эх сурвалж: UNILAD










































































