Монголын ногоон намын ээлжит бус Их хурал 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж, намын дүрмийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хэлэлцэж, баталжээ. Мөн тус хурлаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонгосон байна.
Монголын ногоон нам нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой улс төрийн хүчин бөгөөд дэлхий дахинаа эдийн засаг, технологийн ногоон шилжилт эрчимжиж буй энэ үед физикийн ухааны доктор, эрдэмтэн эмэгтэй намыг тэргүүлэх болсон нь онцлог үйл явдал болж байна.
Үндэсний эвслийг бүрдүүлэгч Монголын ногоон нам нь “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” уриатайгаар 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон. Тус эвсэл 2024 оны нэгдүгээр сард Монголын ногоон нам болон Монгол ардчилсан үндэсний намын нэгдлээр байгуулагдаж, Н.Номтойбаярыг тэргүүнээр томилж байв.
2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар дөрвөн суудал авсан Үндэсний эвсэл нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх туйлширсан талцал, тэмцлийг сааруулах, төрийн эрх мэдэл нэг намд хэт төвлөрөхөөс сэргийлэх, улмаар бодлогын тэнцвэрийг хангах, шинэчлэл хийх зорилт дэвшүүлэн ажиллаж иржээ.
Эвслийг бүрдүүлэгч намуудын энэхүү байр суурь хэвээр бөгөөд Монголын ногоон намын даргаар А.Ундраа сонгогдсоноор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар улс орны язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийн амьдралыг амар амгалан, чинээлэг болгох бодлого боловсруулахад анхаарч ажиллах юм байна.
А.Ундраа Улсын Их Хуралд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй бөгөөд боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлогод онцгойлон анхаарч ирсэн. Тэрбээр чанартай, хүртээмжтэй боловсролыг дэмжихийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн хөгжлийг тэргүүлэх чиглэл болгон ажилладаг. Мөн математик, физик, хими, биологийн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн шилдэг оюутнуудад тэтгэлэг олгон дэмжиж, залуучуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай.










































































