Монгол Улсын улс төрийн анхаарлын төвд буй УИХ-ын даргын томилгооны асуудал МАН-ын дотоодод өрнөсөн өрсөлдөөн, байр суурийн зөрчил дунд шийдлээ хүлээсээр байна. Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг дэмжих шийдвэрт хүрчээ. Одоо уг саналыг УИХ дахь намын бүлгээр хэлэлцүүлж, эцсийн шийдвэрээ гаргах аж.
МАН-ын Удирдах зөвлөл Шадар сайд асан С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн боловч тэрбээр нэрээ татсан нь өрсөлдөөний өрнөлийг өөрчилжээ. Харин УИХ-ын даргад горилж байсан Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Энхбаяр “Парламентын болон ажлын туршлагатай хүн энэ албыг хаших ёстой” хэмээн мэдэгдэж, өрсөлдөөнөөс мөн татгалзсан байна.
УИХ-ын дарга болох хүсэлтэй хүмүүсийн тоо цөөрсөнгүй. Сангийн сайд Б.Жавхлан болон С.Бямбацогт нарын нэрс үргэлжлэн яригдаж, нам доторх олонх, цөөнхийн талцал тодорхой хэмжээнд нөлөөлж буй аж. УИХ дахь МАН-ын бүлэг доторх энэхүү хуваагдал нь шийдвэр гаргах үйл явцыг удаашруулж, улс төрийн тохиролцоонд хүндрэл учруулж буй гол шалтгаан болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, анх улс төрийн хүрээнд УИХ-ын даргын албан тушаалыг нам доторхи олонхийн талд үлдээх тохироо яригдаж байсан ч энэ нь бүрэн хэрэгжээгүй хэвээр байна. Түүнчлэн Д.Амарбаясгалан Засгийн газарт сайдын суудал авахгүйгээр зөвхөн УИХ-ын даргын албан тушаалд төвлөрөх санал тавьж буй гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд тархжээ.
Ийнхүү нэр дэвшигчид байр сууриа хадгалж, хэн нь ч буулт хийхгүй байгаа нөхцөлд МАН-ын Удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг олонхын саналаар гаргах хувилбар руу шилжихээс өөр аргагүй байдалд хүрсэн бололтой. Өнөөдрийн хуралдаан нам доторх хүчний харьцааг тодорхойлж, УИХ-ын дараагийн дарга хэн байхыг шийдэхээрээ онцлог юм.
Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна.










































































