АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд шилжих шөнө ард түмэндээ хандан үг хэлэхдээ, Ирантай хийж буй дайны хүрээнд Америкийн цэргүүд “удахгүй ажлаа дуусгана” хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснээр, “стратегийн гол зорилтууд бараг биелэх шатандаа хүрсэн” байна.
Тэрбээр “Бид ойрын 2-3 долоо хоногийн дотор Иранд маш хүчтэй цохилт өгнө. Бид тэднийг яг тохирох газар нь болох ‘чулуун зэвсгийн үе’ рүү нь буцаана” хэмээн мэдэгджээ. Мөн Иран АНУ-ын тавьсан нөхцөлөөр хэлэлцээр хийхээс татгалзвал тус улсын бүх цахилгаан станцуудад зэрэг шахам “маш хүчтэй цохилт” өгнө гэж анхааруулсан байна.
🌍 Ормузын хоолойн талаархи мэдэгдэл
Түүнчлэн Дональд Трамп Ормузын хоолойгоор дамжин нефть авдаг улс орнуудыг уг бүсийг өөрсдөө хамгаалж, нээлттэй байлгахыг уриалсан байна. Тэрбээр “Ормузын хоолойгоор нефть авдаг орнууд энэ гарцыг өөрсдөө хамгаалах ёстой. Тэд үүнийг ашиглаж, хамгаалж, өөрсдийнхөө төлөө авч үлдэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Мөн АНУ-д энэ маршрут хамаарахгүй гэж онцолсоноор Иран хоолойг нээхгүй бол эрчим хүчний дэд бүтцэд нь цохилт өгнө гэж заналхийлж байснаас өөр байр суурь илэрхийлсэн гэж ажиглагчид үзэж байна.
Трамп 20 минут орчим үргэлжилсэн уг мэдэгдлээ хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг шууд оролцуулахгүйгээр хийснийг Associated Press агентлаг дамжуулжээ. Дараа нь Цагаан ордон уг бичлэгийг цахим хуудастаа байршуулсан ч удалгүй ямар нэг тайлбаргүйгээр устгасан аж.
⚔️ Дайн удахгүй дуусна гэж үзэж байна
Түүнээс нэг хоногийн өмнө Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ болон Израилийн Ираны эсрэг ажиллагаа ойрын 2-3 долоо хоногт дуусч магадгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ Иранд “дэглэмийн өөрчлөлт” гарсан. Гол зорилго нь, цөмийн зэвсэгтэй болохоос нь сэргийлэх байсан. Энэ зорилгод хүрсэн гэж үзэж байна” хэмээн онцолжээ.
Мөн “Бид ажлаа дуусгаж байна. Энэ нь ойролцоогоор хоёр долоо хоног, магадгүй арай илүү хугацаа шаардана. Бид тэдэнд байгаа бүхнийг устгахыг зорьж байна” гэж CNN сувгаар мэдээлсэн байна.
📉 Газрын тосны үнэ буурна
Трампын үзэж байгаагаар, АНУ Ираны эсрэг довтолгоогоо зогсоосны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурах боломжтой ажээ. Тэрбээр мөн Иран хэлэлцээр хийх сонирхолтой байгааг дурдсан ч, эцсийн дүндээ гэрээ байгуулагдах эсэх нь “тийм ч чухал биш” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW










































































