Америкийн коллежийн сагсан бөмбөгийн дээд түвшин болох NCAA-д амжилттай тоглож буй Монголын тамирчин Майк Ш.Энхийн-Од төгсөх ангийн шилдэг тоглогчдын оролцдог “Бүх оддын тоглолт”-д уригдан оролцохоор болжээ.
Үндэсний дасгалжуулагчдын холбоо (NABC)-ноос жил бүр зохион байгуулдаг энэхүү тоглолт NCAA-ийн улирлын оргил үе болох NCAA Final Four-ийн үеэр уламжлал болгон явуулдаг онцгой арга хэмжээ юм.
⭐ Яагаад энэ тоглолт чухал вэ?
“Бүх оддын тоглолт” нь зөвхөн үзвэр төдий бус, мэргэжлийн сагсан бөмбөг рүү дэвших шатанд гарч буй тоглогчдод өөрсдийгөө харуулах том боломж болдог. Ялангуяа NBA-д драфтад нэрээ дэвшүүлэх гэж буй тоглогчдоос арай ах, туршлагатай тамирчдыг NBA багуудын скаутуудад танилцуулах, ур чадвар, тоглолтын сэтгэлзүйг бодитоор үнэлүүлэх, мэргэжлийн карьерын үүд хаалгыг нээх зорилготой зохион байгуулдаг ажээ.
Энэ тоглолтыг NBA-ийн багуудын скаутууд өргөнөөр үзэж, ирээдүйн тоглогчдыг анзаарч сонгодог уламжлалтай. Өмнөх жилүүдэд энэхүү тоглолтод оролцож байсан олон тоглогчид NBA-д амжилттай карьераа эхлүүлсэн байдаг. Тухайлбал, Жэйлен Брансон, Фрэд Ванвлийт зэрэг одод энэ тайзнаас өөрсдийгөө харуулж, дараагийн шатанд гарч байжээ.
🇲🇳 Монгол тоглогчийн хувьд том боломж
Майк Ш.Энхийн-Од энэхүү тоглолтод оролцож буй нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд онцлох үйл явдал юм. Түүний хувьд Олон улсын тавцанд өөрийгөө батлах, NBA болон бусад мэргэжлийн лигүүдийн анхааралд өртөх, Монгол тамирчдын замналыг тэлэх чухал алхам болж байна.
“Бүх оддын тоглолт” маргааш шөнө 03:30 цагт болно. Сагсан бөмбөг сонирхогчид энэхүү тоглолтоор дамжуулан ирээдүйн оддыг нэг дороос харах боломжтой юм.










































































